Ч.Ганжавхлан: Баянхошуунд “Ид шидийн орон” байгуулна

Иргэн М, төрсөн охин Н-ээ 14 настайгаас нь эхлэн 3 жилийн турш бэлгийн харьцаанд оруулж удаа дараа жирэмсэн болгон үр хөндүүлж байсан байна. Уг гэмт хэргийг илрэх үед охин Н нь жирэмсэн, бэлгийн замын халдварт өвчтэй байв. /Бодит баримт, ХЭҮТ, 2001 он/. Эл бичгийг жаахан хүүхдийн богино даашинз дээр наан хананд өлгөжээ. Өөр олон хүчирхийлэлд өртсөн хүүхдийн кэйсийг ийн өлгөсөн нь сэтгэлд хүнд тусав. Энэ бол “Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг зохион байгуулж буй “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэгдсэн баримт.
Үзэсгэлэнгийн хананд сэтгэл эмзэглэм гэрэл зургууд хийгээд, баяр хөөр, аз жаргалтай зургууд ч өлгөөстэй байв. Мөн бодит байдлыг харуулахыг зорьсон хүүхдийн хувцас, гутал, 40-ийн битон хүртэл тэнд байлаа. Энэ нь үзүүлэн таниулах бус бодит үр дүн, өөрчлөлтийг авчрах, үзэсгэлэнгээр дамжуулан хүүхдэд тулгамдаж буй хурц асуудлыг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилго агуулсан болохыг харж болохоор байв.
Мөн нэг сонирхол татахуйц зүйл нь эмэгтэй хүний ягаан дуфль, түүний хажууд байрлуулсан гадаад паспорт байв. БНХАУ-ын Эрээн хотод энгийн үед 250-300 охид /Үүн дотор 14,15 настай насанд хүрээгүй охид олон бий/ тогтмол биеэ үнэлдэг бол Хятадын баяр ёслолын үеэр энэ тоо 3-4 дахин буюу 800-1000 хүрдэг гэсэн мэдээлэл байна. Үүний дагуу тандах, илрүүлэх үйл ажиллагааг “Лантуун дохио” ТББ Эрээн хотод явуулж, эмч, биеэ үнэлэгч, хүний наймааны хохирогч, үйлчлүүлэгч, консулын газрын төлөөлөгч нартай уулзсан бөгөөд тус үзэсгэлэнд холбогдох баримт зүйлсийг дэлгэсэн нь энэ аж.
Тус төрийн бус байгууллагын санаачлагч Ч.Ганжавхлан 2012 онд “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг байгуулах санаачлагыг гаргаж, хандив цуглуулж эхэлсэн байдаг. Хэдэн жилийн өмнө энэ нь мөрөөдөл төдий байсан бол харин өнөөдөр олон хүний сайхан сэтгэлийн тусламжаар СХД-ийн 3-р хороо, Баянхошуунд 2000 метр квадрат талбай буюу 3 айлын газрыг худалдаад авчихаж. Ингээд түүнтэй үзэсгэлэнгийн үеэр цөөн хором ярилцсан юм.
Ч.Ганжавхлан: Үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх ажлуулна
-Энэхүү үзэсгэлэнгийн зорилгыг тодотгохгүй юу?
-Монголчууд хүчирхийлэл гэдэг зүйлийг олон жил ярьсан. Сүүлдээ цочирохоо байж, дасах хандлагатай болж ирлээ. 2015 онд дөрвөн настай хүүхдийг эцэг, эх нь зодож амь насыг нь хөнөөхөд нийт 600 гаруй хүн талбай дээр цуглаж зул өргөж байсан. Хэсэгтээ л олон нийтэд эмгэнэн халагласан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүхдийн амийг онц хэрцгийгээр хороосон. Хэсэг шуугьсан ч эргээд л намжсан. Энэ мэтчилэн бид хүүхдийн хүчирхийллийн асуудалд маш ихээр дөжирч байна. Тийм учраас бид “Тусгал” бүлгийн залуустай хамтран өнөөгийн нийгэмд болж буй 10 орчим төрлийн хүүхдэд хандсан хүчирхийллийг баримтат гэрэл зургаар дамжуулан дэлгэн үзүүлэхийг зорьсон. Магадгүй хүн, мянган удаа хэлээд ойлгоогүй үгийг, нэг зураг хараад зүрх сэтгэл эмзэглэх тохиолдол байдаг. Баримтат зураг бол нуух аргагүй үнэн.
-“Зэрэгцээ ертөнц” гэж маш онож, тэгсэн хэр нь бас бодож өгсөн нэр бололтой?
-“Улаанбаатар” зочид буудлын орчимд орой 22.00 цагийн үед биеэ үнэлэлт нэрэн дор хүний наймаа, бэлгийн мөлжлөг явагдаж байна. Цаашлаад хөдөө аж ахуйн буудал дээр мөн л явагдаж байгаа. Багшийн дээдийн нүхэн гарц дотор тэнэмэл, орон гэргүй хүүхдүүд гуйлга гуйгаад сууж байдаг. Энэ бүгдийг бид хараад л өнгөрдөг. Энэ бол бидний “Зэрэгцээ ертөнц”. Энэ бүгдийг бид шинэлэг байдлаар олон нийтэд эхлээд ойлгуулахыг зорьсон. Манай төрийн бус байгууллагын залуус өнгөрсөн хоёр жилийн турш “Ид шидийн уут” нэртэй арга хэмжээг зохион байгуулж 13 мянган хүүхдэд дулаан хувцас, бэлэг, хичээлийн хэрэгсэл тараасан. Энэ үеэр авагдсан аз жаргалтай зургуудыг мөн байршуулж хүн баян ядуугаас үл хамааран элэг бүтэн аз жаргалтай амьдарч болдгийг үзэсгэлэнгийн нэг хэсэгт тусгасан байгаа.
-Хүүхдийн хүчирхийллийг амьдралын түвшинтэй холбон тайлбарладаг. Нийслэлийн аль хэсэгт хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг талаар судалгаа бий юу?
-Хүчирхийллийг хүмүүс эдийн засгийн байдалтай холбож тайлбарладаг. Гэвч хүчирхийлэл зөвхөн хандлага дээр л суурьладаг. Архины хамааралд орчихсон, хүүхэд рүүгээ юм аваад шиддэг байдал нутаг ус, гарал үүслээс үл хамаараад тухайн хүний хандлагад л байгаа юм. Нийслэлийн СХД-ийн 26 хороонд хамгийн их хүчирхийлэл үйлдэгддэг судалгаа бий. Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагаар энэ дүүрэг, хороо нэгдүгээрт орж байна. Гэтэл баячуудын хороолол гэж ярьдаг Зайсан орчимд ч хүчирхийлэл маш өндөр байна. Тэгэхээр хүчирхийлэл үйлдэгдэхэд баян ядуугийн асуудал биш хүний хандлагад л гол асуудал байгаа юм.
-“Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төв байгуулахаар болсон. Энэ ажил аль түвшинд явна вэ?
-“Лантуун дохио” ТББ-ын санаачлагаар “Ид шидтэй ах эгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж АНУ-д амьдарч буй Монголчуудад хүүхдийн хүчирхийллийн асуудлыг танилцуулснаар хандив цуглуулах ажил эхэлсэн. Монголд амьдарч буй хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүддээ тогтмол таван жилийн хугацаанд нэг өдөрт нэг доллар хандивлахыг санал болгосон юм. Улмаар дэлхийн таван хотод амьдарч буй 140 гаруй монгол иргэн нэгдэж өдөрт нэг доллар, сард 4 мянга 200 доллар, ойролцоогоор 9 сая төгрөгийн тогтмол хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь хэн нэгэн баян хүний хөрөнгө оруулалт биш. Хүний нутагт цагийн ажил хийж буй оюутан, хумс засдаг, чулуу зөөдөг энгийн ард иргэдийн цалин.
-Энэ төвд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хандаж болох уу?
-Эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулна. Гэхдээ хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. “Ид шидийн орон” нэртэй хүүхэд хамгааллын цогцолборт хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хамгаалал, хараа хяналтын үйл ажиллагаа явуулах юм. Тэнд боловсролын төв байгуулна. Мөн сэтгэлзүйч, өмгөөлөгч ажиллана. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүйн улмаас хүүхэд харах хүнгүйн улмаас эндэх, бэртэж гэмтэх асуудал бий. Иймд мөн тус цогцолборт үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх ажлуулна. Үнэ төлбөргүй байх боломж, багш албан хаагчдын цалин, хоол унд, түлээ нүүрс зэргийг дэлхийн монголчууд шийдэж өгсөн гэж хэлж болох юм.
-Өнөртүвшин гэх этгээд залуу охидыг хүчирхийлдэг гэх мэдээ бий. Тэр хүнийг анхааралдаа авсан уу?
-Тэр хүн охид бүсгүйчүүдийг фото модел болгоно гэж хуур ч мэхлэн зураг авах нэрийдлээр фэйсбүүкээр холбоо тогтоодог байгаа юм. Энэ хүн манай байгууллагатай тэрсэлдээд л байна. Манайтай холбогдож худал мэдээллээр гүтгэж байна хэмээн мэдээллээ устгахыг шаардаж байгаа. Нэг асуудал байна. Манай хохирогчид гэрч болж чадахгүй юм. Хэрэг үүсгээд явах гэхээр хохирогч заавал байх ёстой. Гэтэл хохирогчид маань гэрч болохоос айгаад байгаа юм. Үндсэндээ гэрч болж чадахгүйгээсээ болоод хохироод байна шүү дээ.
-Та юуны учир хүчирхийллийн эсрэг тэмцэхээр эрс шийдсэн бэ?
-Би 5 жилийн өмнө хүний наймаа ч гэж ойлгохгүй явсан. Тухайн үед хүний наймааны хохирогч болсон охины аавтай гудамжинд таараад тэр хүнд туслахыг хүссэн. Гэтэл тэр хүний амийг хороочихсон. Үүнээс хойш би өөрийн хийж байсан ажил мэргэжилээ орхиод Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд сайн дурын ажилтан болсон. Монголд эрчүүд хүчирхийллийн эсрэг тэмцэх орон зай маш бага байгааг анзаарсан учраас эрчүүд хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-ыг байгуулсан юм.
-Манлайлагч хүний хувьд залуучуудад юуг уриалах вэ?
-Өнөөдөр монгол улсад эдийн засаг, улстөрийн биш оюун санааны хандлагын хувьсгал хэрэгтэй байна. Ийм үед залуус золиос гаргах хэрэгтэй. Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг зэрэг маш олон шударга бус зүйлийн эсрэг тэмцэлд золиос гарахгүй байна гэж байхгүй. Энэ бүгдээс залуус бид айгаад өөрийгөө л болгоод яваад байдав өнөөдөр нийгмийн асуудал маргааш чиний толгой дээр бууна. Тийм учраас залуус бүгд цаг, хугацаа, зав боломжоо хүүхдийн хүчирхийллийн эсрэг зориулмаар байна.
Өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хамгийн чухал тулгамдаж буй асуудал бол хүүхдийн хүчирхийлэл болоод байна. “Лантуун дохио” ТББ-д сард хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 100 гаруй дуудлага мэдээлэл ирдэг аж. Иймд эцэг, эхчүүд болон төр засаг энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг “Лантуун дохио” ТББ-аас олон нийтэд уламжилж байлаа.
“Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл “Ub art Gallery”-д олон нийтийн хүртээл болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ