
Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия 2012 оныг гаалийн хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцох явдлыг дэмжиж, “Улс орнууд хил хязгаараар хуваагддаг ч гаалийн хамтын ажиллагаагаар холбогддог” гэсэн уриан дор илүү уялдаа холбоотой ажиллах жилээр зарлалаа.
ДГБ-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагууд, гаальчид илүү уялдаа холбоотой ажиллаж, мэдээлэл солилцсоноор гаалийн байгууллагууд өмнө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх болно гэж Ерөнхий нарийн бичгийн дарга хэлээд энэхүү уриа ДГБ байгуулагдсаны жаран жилийн ойг тэмдэглэх гэж байгаа 2012 оны түүхэн үйл явдалтай нийцэж байгааг онцлон тэмдэглэв.
Илүү уялдаа холбоотой ажиллах жилийн нээлт жил бүр дэлхий даяар өргөн тэмдэглэдэг Олон улсын гаальчдын өдөр буюу 2012 оны 1 дүгээр сарын 26-нд болно.
Гаалийн байгууллагууд өөр хоорондоо болон гаальтай хамтран ажиллагч байгууллагууд, бизнесийн хүрээнийхэн, олон улсын худалдаанд оролцогчид 2012 онд гаалийн байгууллагатай илүү уялдаа холбоотой ажиллаж, бүтээлчээр сэтгэж, шинийг эрэлхийлж, хамтран амжилтад хүрнэ гэдэгт ДГБ итгэж байна.
ДГБ бүх тивийн нийт 177 гишүүн орнуудын гаалийн байгууллагын ашиг сонирхлыг хамгаалж, дэлхийн хэмжээний гадаад худалдааны 99 хувьд бүрдүүлэлт хийдэг ба нийгэм эдийн засгийн хөгжлийн бүх шатанд байгаа орнуудыг төлөөлдөг.
ДГБ бол гаалийн асуудлаар мэргэжсэн, биеэ даасан, олон улсын засгийн газар хоорондын байгууллага юм.
Олон улсын гаалийн хамтын ажиллагааны эхлэл 1924 онд Үндэстний лиг байгуулагдсанаар тавигджээ. ГАТТ-ын хүрээнд явагдсан хэлэлцээрүүд нь гаалийн горимыг хялбарчлах замаар татвар бууруулахыг дэмжих үйл ажиллагаа явуулах олон улсын байгууллага байгуулах боломжтой гэсэн асуудлыг хөндсөн юм.
1947 онд Европын эдийн засгийн хамтын ажиллагааны Хороог төлөөлсөн 13 улс Судалгааны бүлгийг байгуулсан нь яваандаа 1950 оны 12 дугаар 15 –нд Брюссель хотноо Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулсан тухай конвенцид гарын үсэг зурах хүртлээ өргөжив. Энэ Конвенц 1952 оны 11 дүгээр сарын 4-нд батлагджээ
Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулсан Марракешийн хэлэлцээр 1994 онд батлагдсантай холбогдуулан, гаалийн хамтын ажиллагааны Зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, олон улсын цар хүрээг илтгэж, Дэлхийн гаалийн байгууллага гэж нэрлэх болов.
ДГБ-ын одоогийн зорилт бол гишүүн орнуудынхаа гаалийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх явдал.
Түүнчлэн хилээр нэвтрэх зорчигч, бараа тээврийн хэрэгслийн урсгалыг зохицуулах, олон улсын хэмжээнд гаалийн горимыг уялдуулах, хялбарчлах эрхзүйн үндсийг тавих, гаалийн үйл ажиллагааны арга барил, хүн хүч, техникийн нөөцийг сайжруулах, ил тод байдал, ариун шударга ёсыг хангах талаар туслалцаа үзүүлэх, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр ДГБ-аас анхаардаг.
ДГБ гааль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүс нутгийн болон олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах явдлыг идэвхтэй дэмждэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ