”Бидний цөөхөн Монголчууд” төсөл Налайх дүүргээс эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригтын санаачлагаар "Бидний цөөхөн Монголчууд" төслийг эхлүүллээ. Уг төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа М.Зоригтын төрсөн нутаг Нийслэлийн Налайх дүүргийн Соёлын төв ордонд өчигдөр /2017.01.18/ болов.
Төслийн баг 12 хүний бүрэлдэхүүнтэй, туулах чадвар сайтай гурван автомашинтайгаар Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, сууринд нэг бүрчлэн хүрч, нутаг нутгийн зан заншил аж байдлыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баримтжуулж, мэргэжлийн өндөр түвшний цогц архив буй болгохоор төлөвлөжээ. Тэд Монгол орныхоо нэг ч аймаг, сум, сууринг үлдээлгүй тойрон аялах аж.
Тэдний гол зорилго нь XXI зууны Монголчууд хэрхэн аж төрж байсан хийгээд өнөөгийн Монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил зэргийг түүхэнд тэмдэглэн үлдээхэд оршиж буй юм байна.
Төслийн багт гэрэл зурагчид багтсанаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч багтсан аж. Учир нь тойрон аяллын хүрээнд 400 гаруй цуврал нэвтрүүлгийг олон нийтэд хүргэх юм байна. Мөн Монгол орны 245 мянган км замыг гурван жилийн хугацаанд туулж, бүрэн хэмжээний кино, 10 баримтат кино, 20 ном товхимол бичиж үлдээхээр төслийн багийнхан зориг шулууджээ.
Төслийн удирдагч Мөнхчулууны Зоригтоос төслийн зорилго, үр дүнгийн талаар тодрууллаа.
-Яагаад энэ төслийг санаачлан хэрэгжүүлэх болов?
-Өнгөрсөн зун би хадлангаа хураангаа "Шүүдэр дундуур" хэмээх уран сайхны киног уран бүтээлч нөхөдтэй хамтран хийж, олон нийтийн хүртээл болгосон юм. Энэхүү киногоор дамжуулан Монголчуудын ёс заншил, хүн хоорондын харилцаа, залуу үеийнхэн өвөг дээдэстэйгээ харилцах ёс суртахууныг харуулахыг бодсон. Энэ кино маань олон нийтэд ихэд таалагдсан бололтой юм. Тийм ч учраас би киногоо Монгол орон даяар үзүүлмээр санагдсан. Мөн бидний хэдэн нөхөд өнгөрсөн онд БНСУ-ын 663 км замд унадаг дугуйгаар аялаад ирсэн. Дугуй унаад явж байхад надад нэг зүйл маш хүчтэй эмзэглэл төрүүлсэн. Тэр нь Монголчууд бид үнэхээр цөөхүүлээ юм билээ. Өмнөд Солонгосын газар нутаг манай Хөвсгөл аймгийн газар нутгаас бага шүү дээ. Тэгэхэд Хөвсгөл аймгийн газар нутагтай дүйцэхүйц хэмжээтэй тэр газар нутагт 58 сая хүн амьдарч байна. Гэтэл бид энэ их уудам тал нутагт ердөө 3 сая хүн амтай амьдарч байгаа нь бидний Монголчууд дэндүү цөөхөн юм даа гэдэг эмзэглэл төрүүлсэн. Цөөхүүлээ ч гэсэн дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй. Хүний тоогоор биш эв нэгдэл, их ухаан, хайр энэрэлээр цөөнөө мэдэрсэн болохоор л тэр биз. Гэтэл өнөөдөр бид нутаг усаараа нэг, намаар нэг хуваагдчихсан байх юм. Байдаг эрч хүчээ өөр хоорондоо маргалдаж үрээд байх шиг. Бидний цөөхөн монголчууд цаашид хөгжихийн тулд нэгдэх ёстой юм байна гэдэг зүйлийг л хэлмээр санагдаад болдоггүй. Тиймээс л эх орноо бүтэн тойрохоор шийдсэн.
-Яагаад Налайх дүүргээс төслөө эхлүүлж байна вэ?
-Энэхүү төслийг миний аавын нэрэмжит Мөнхчулуун сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Налайх хот миний аав, ээжийн хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан нутаг. Энэ газарт бидний хүүхэд нас, амьдралын нэгээхэн хэсэг өнгөрсөн. Тиймээс энэ нутгаас эхэлж байна. Налайх дүүрэг маань Улаанбаатар хотын наран ургах зүгт байрладаг учраас мөн билэгшээж аяны гараагаа эндээс эхэлж байгаа юм.
-Эндээс хаашаа хөдлөх вэ?
-Монголчууд бид аян замд гарахын өмнө сайн өдрийг хардаг. Холын аян замд гарах, аливаа зүйлийг эхлүүлэхэд шинийн 15 сайн байдаг гэж ахмад буурлууд хэлдэг. Энэ нь шинэ цагийн тооллоор гуравдугаар сарын 13-нд тохионо. Тэр өдөр бид наран ургах чигт гараад аялалаа эхлүүлнэ дээ.
-Энэ төслийн үр дүн, зорилгыг та юу гэж харж байна вэ?
-Би XXI зууны эхэн үеийн Монголчуудыг түүхэнд баримтжуулж үлдээх зорилго тавьж байгаа. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн газартай хамтран ажиллахаар болсон. Тухайлбал "Нэпко" ном хэвлэлийн компанитай хамтран 30 орчим ном бүтээл гаргана. Үүний 20 гаруй нь гадаадын зах зээлд борлуулагдах юм. Үлдсэнийг нь дотоодын аялал жуулчлалыг дэмжих, хүмүүсийн мэдэхгүй бүхнийг танин мэдүүлэх, хүүхдүүдэд эх орноо таниж мэдэхэд хэрэг болохуйц ном гаргах бодолтой байна. Мөн гэрэл зураг сонирхдог хүний хувьд миний том амбийц бол монголынхоо хүн амын 60-70 хувийн хөрөг зургийг авах санаа бодол бий.
-Орон нутгийн авьяастнуудыг алдаршуулна гэсэн үү?
-Тийм ээ. Сум, суурин бүр биднийг очихоос урьтаж орон нутгийнхаа өнөөгийн байдлыг харуулах шилдэг таван урлагийн үзүүлбэр бэлдэж байгаа. Урлагийн үзүүлбэрийг бид мэргэжлийн өндөр түвшинд бичиж хадгална. Мөн нутаг орныхоо түүх, домгийг ярих таван хүн бэлтгэгдэж байгаа. Энэ ч мөн үнэ цэнэтэй зүйл болж үлдэх юм.
-Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй замд гарах вэ?
-Гэрэл зурагчдын, баримтат киноны, телевизийн нэвтрүүлгийн гурван машинтай аялалд гарч байна. Хоёр чиргүүлтэй. Түүн дээрээ майхан, сав суулгаа багтаагаад явж байгаа.
-Саваагүй асуулт. Та өмссөн байгаа "Хадлан" загварын дээлний ур хийц, үнэ өртгийн талаар сонирхуулахгүй юу?
-Өнөөгийн биднээс ёс уламжлал улам улам хөндийрөөд байх шиг надад санагддаг. Өнөөдөр жавартай хүйтэн байна. Ийм нөхцөлд би сэгсүүргэн үстэй дээл өмсөөд зогсож байж болох байсан. Гэтэл би үстэй дээл, европ хувцаснаас дутхааргүй дулаан, нано технологоор хийсэн дээл өмсөөд зогсож байна. Энэ дээл цас, бороонд нэвтрэхгүй. Дотроосоо дулаан үйлдвэрлэдэг. Дотуураа би дан цамцтай л зогсож байхад даарахгүй байна. Тэгэхээр бид уламжлалт дээлнээсээ татгалзалгүй ая тухтай, дулаан хувцасаа өмсөж болж л байна.
-Борлуулалт маш сайн байгаа гэсэн үү?
-Хэдэн сараар л оочер, дугаартай байдаг гэсэн шүү.
Төслийн нээлтэд оролцохоор Налайх дүүргийн өндөр настнууд хүрэлцэн ирсэн байв. Мөн дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцож төслийн удирдагч М.Зоригтод талархал гардуулсан юм.
Мөн Налайх дүүргийн гэрэл зурагчин Сүхбаатар төслийн удирдагч М.Зоригтод тус дүүргийн "Майхан" хайрханы гэрэл зургийг гардуулж, аялалд нь ерөөл өргөн, аяны дөрөө мялаав. Түүнийг төслийн баг хэдий нь бүрдсэн ч багтаа авч хамтран ажиллах болсноо М.Зоригт мэдэгдлээ.
Сонирхуулахад төслийн багийнхан очсон газар нутаг бүртээ "Шүүдэр дундуур" уран сайхны киног олон нийтийн хүртээл болгох юм байна. Энэ удаад төслийн танилцуулгын дараагаар Налайх дүүргийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзэж сонирхууллаа. Ийнхүү "Бидний цөөхөн Монголчууд" төслийн танилцуулга амжилттай зохион байгуулагдав.
Төслийн ач холбогдол, үр дүн нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийд гайхагдсан соёлын үнэт өв болно гэдэгт итгэж байна. Алтан шар зам өлзийтэй байж, аяны богц дүүрэн байг ээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ