ОУВС, АНУ-ын Төрийн сангаас хэрэгжүүлж байгаа төслийн явцыг хэлэлцэв
Санхүүгийн томчууд Монголд хөрөнгө оруулах нь нэмэгдэж буй энэ цаг үед Том татвар төлөгчийн албыг бэхжүүлэх, тохиолдож болох эрсдэлээс сэргийлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн алба буюу Улсын төсвийн орлого хяналтын газар нийт төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлэн төсөвт төвлөрүүлж ажилладаг. Тэрчлэн ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газарт ОУВС, АНУ-ын Төрийн сангаас дэмжлэгтэй томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Төслийн явц, үр дүнг өнөөдрийн үйл ажиллагаанаас дүгнэх бололцоотой.
Олон улсын хэмжээнд татвараас зайлсхийх, татвараас зугтах, далд эдийн засагтай тэмцэх стратеги боловсруулж хэрэгжүүлэх цогц бодлогын хүрээнд үнэ шилжилт, нимгэн капиталжуулалт зэрэг олон улсын хэмжээнд татвараас зугтдаг үйлдэл одоо ч хэвээрээ байна. Тэгвэл энэхүү үйлдлийг илрүүлдэг, хянаж шалгадаг, үнэлэлт дүгнэлт өгдөг мэргэжилтэнг бэлтгэх, программ хангамжтай болох ажлыг нэвтрүүлж эхлүүлээд байна.
Монгол Улсын Сангийн Сайд С.Баярцогтын хүсэлтийн дагуу 2009 оны 10 сараас Олон Улсын валютын сангийн Төсвийн асуудал эрхлэх газраас “Татварын удирдлагыг боловсронгуй болгох” техник туслалцааны төсөл, мөн Америкийн нэгдсэн улсын Төрийн сангаас “Том татвар төлөгчийн албыг бэхжүүлэх” төслүүд тус газарт хэрэгжиж байгаа юм.Төслийн багийн зөвлөмжийн дагуу Том татвар төлөгчийн албанд нэлээд олон журам, заавар шинэчлэн боловсруулж, олон шинэ ажлуудыг эхлүүллээ. Үүний дотроос том татвар төлөгчдийн хувьд нэлээд шинэлэг арга хэмжээ бол НӨАТ-ын буцаан олголтын “Алтан карт”-ын хөтөлбөр хэрэгжүүлэхээр журам боловсруулан, эрсдэлийн үнэлгээг хийгээд байна. Түүнчлэн олон улсын хэмжээнд татвараас зайлсхийхтэй тэмцэх зорилгоор ААНОАТ-ын тайлангийн маягтыг өөрчлөн шинээр боловсруулан ажиллаж байна.
Цаашид Татварын албанд байгаа өмнөх хугацааны мэдээ, мэдээлэлд тулгуурлан хийсэн эрсдлийн үнэлгээгээр эрсдэл багатай гэж тооцогдсон, татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ сайн биелүүлдэг татвар төлөгчдөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг жилд 2-оос доошгүй удаа авахаар төлөвлөж байгаа бөгөөд эрсдлийн үнэлгээ хийж, татварын тайлангийн тоог цөөлж болох татвар төлөгчдийн сонголт хийх ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төлж хэвшсэн татвар төлөгчдөд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө бусад татварын өрөнд суутгуулах, төсвөөс буцаан авахад зориулсан “Алтан карт”-ыг нэвтрүүлж, дээр дурьдсан татвар төлөгчдийн нэмэгдсэн өртгийн албан татварын суутгал болон буцаалтыг шалгаж баталгаажуулалгүйгээр олгож байхаар журамлаад байна. Журамд зааснаар тодорхой шүүлтүүр үзүүлэлтээр эрсдлийн үнэлгээ хийсний үндсэн дээр ямар аж ахуй нэгжийг хамруулахыг оны эхнээс зарлаж мөрдөх болно.
Шинээр хийж байгаа хөрөнгө оруулалт, бараа, ажил үйлчилгээний үнийн хязгаарлалт болон бараа бүтээгдэхүүний үнийн зах зээлийн уналтаас шалтгаалан үүссэн санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор татварын ногдлыг тогтоосон хугацаанд төлөх бодит боломжгүй болсон татвар төлөгчдийн татварын өр, ногдлыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулан төлүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх болно.
Татварын албаны өнөөгийн боломж, хүн хүчний нөөц хүрэлцээнээс шалтгаалан татвар төлөгчдийг 2 жилд нэг удаа шалгах чиглэлийг барьж тухайн жилд шалгах татвар төлөгчдийн тоо, шалгах хугацааны товыг тогтоон шалгаж байгаа тогтсон практикийг өөрчилж, татвар төлөгчдийн эрсдлийг олон улсын түвшинд мөрдөгдөж буй стандартын дагуу тодорхойлж зөвхөн эрсдэлтэй гэж үзсэн татвар төлөгчдийг шалгах зарчмыг баримтлах болно.
Эрдэс баялгийн татварын хэлтэст “Австралийн татварын албаны даган мөрдөлтийн эрсдлийн удирдлагын систем, түүний уул уурхайн салбарын эрсдлийг тодорхойлох, эрсдлийг бууруулах” туршлагыг нэвтрүүлж уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн эрдсдлийг тодорхойлох ажлыг нэвтрүүлж эхлүүлэхээр ажиллаж байна.
ТЕГ-ын тавар төлөгчийн танхимд болсон “Улсын төсвийн орлого, хяналтын газарт ОУВС, АНУ-ын Төрийн сангаас хэрэгжүүлж байгаа төслийн явц, үр дүн” үзүүлэх сургуулийн арга хэмжээг ТЕГ-ын дарга Б.Баттөмөр нээж үг хэллээ.
Мөн ОУВС, АНУ-ын төрийн сангаас хэрэгжүүлж байгаа “УТОХГ-ын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа шинэлэг ажлуудын талаарх товч танилцуулга УТОХГ-ын дарга Я.Аюушжав УТОХГ-тай харьцдаг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтанд байгаа орд газруудын эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ, техник туслалцааны ажлын эхлэл, цаашид боловсронгуй болгох нь ЭБТХ-ийн дарга Ч.Цэндмаа, Татвар төлөгчийн цахим хувийн хэрэг, татвар хураалтын ажлын чиг хандлага ТХМХ-ийн дарга Д.Энхсайхан, Татварын үйлчилгээ ба инноваци, цаашдын чиг хандлага ТТХХ-ийн дарга Ч.Батцэнгэл, Хяналт шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа олон улсын туршлага, үр дүн ХШХ-ийн дарга Б.Даваадэмбэрэл, Тус газарт татварын эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлж байгаа өнөөгийн байдал, цаашдын зорилт ЭУСҮХ- ийн дарга Д.Энхбат нар илтгэлүүдээ тус тус тавьж хэлэлцүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ