Э.Галбадрах: Халуун тогооны импортыг хязгаарлах боломжгүй

Өнгөрсөн онд ГССҮТ-д түлэгдэлтийн улмаас нийт 4059 иргэн хандаж, яаралтай тусламж авснаас 2525 тав хүртэлх насны хүүхдүүд байна. Энэхүү статистик мэдээнээс бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь түлэгдэлт болоод буйг харж болохоор юм. Энэ талаар ГССҮТ-ийн түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрахаас тодрууллаа.
-Танай тасагт өнөөдрийн бйадлаар хичнээн хүүхэд эмчлүүлж байна вэ?
-Манай эмнэлэг өвөл, зунаар хамаарахгүй ачаалал ихтэй байдаг. Өнөөдрийн байдлаар манай тасангт 0-5 насны 32 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдийн түлэгдэлтийн шалтгааны 80 орчим хувийг халуун хоол, цайнд түлэгдсэн тохиолдолд эзэлж байгаа юм. Түлэгдэж ирсэн хүүхдийн 90 орчим хувь нь гэр ахуйн нөхцөлд гэмтсэн байна.
-Бага насны хүүхдийн түлэгдэлт буурах хандлага байна уу?
-Сүүлийн таван жилийн хугацаанд манай тасгийн ачаалал нэг дахин нэмэгдсэн. Тэгэхээр түлэгдэлт буурах биш улам л ихсээд байна. Хүүхэд шарх сорвитой үлдэх цаашлаад амь нас эрсдэх тохиолдол их гарч байгаа. Амь эрсдэх тохиолдол ч жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.
-Сүүлийн жилүүдэд хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх тохиолдол ихэссэн. Түлэгдэж буй шалтгаан нь ихэвчлэн юу байх вэ?
-Нийт түлэгдэж ирсэн хүмүүсийн 70-80 хувь нь 0-5 насны хүүхэд байна. Үүн дотроо орчныг таньж мэдээгүй 1-3 насны хүүхэд 85 хувийг эзэлж байна. ГССҮТ-ийн 2016 оны тоон мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар эндсэн. Нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна.
-Халуун тогооны импортыг хязгаарлах боломж бий юу?
-Аль ч талаас нь судалж үзсэн. Хязгаарлах боломж байхгүй юм билээ. Тэгэхээр халуун тогоог аюулгүй, зөв хэрэглэх нь л зөв. Түлэгдэлтээр заавал өвчлөх ёстой юм биш. Эцэг эхчүүдийн хариуцлага, анхаарал сул байгаатай холбоотой.
-Эцэг эхчүүд хүүхдээ түлэгдэхээр буруу арга хэмжээ авч, өвчнийг улам даамжруулах тохиолдол байдаг уу?
-Байна. Анхны тусламж маш чухал. Эцэг, эхчүүд анхны тусламж үзүүлэх мэдлэг байхгүй. Ам дамжсан яриагаар эмнэлгийн бус зүйл хэрэглэдэг. Энэ нь эргээд эдгэрэлт удаашрах, шарх гүнзгийрэх хүүхдийн өвдөлтийг улам нэмэгдэхэд хүргэдэг.
-Хүүхэд түлэгдсэн даруйд ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
-Хүүхэд түлэгдсэн тохиолдолд хувцасыг тайлах нь зөв. Иргэд сандарч мэгдээд хувцсыг нь тайлдаггүй. Энэ нь нүдэнд харагдахгүй байгаа ч түлэгдэлтийг улам гүнзгийрүүлж байна гэсэн үг. Дараа нь хөргөх хэрэгтэй. Үүнийг ард иргэд буруу ойлгодог. Урсгал усанд 5-20 минутын хугацаанд байлгах учиртай. Хүйтэн усанд байлгаснаар халуун темпаратур багасч түлэгдэлтийн професс зогсоно. Мөн өвдөлт намдаадаг.
-Крантны усаар хөргөх хэрэгтэй гэж үү? Гэр хорооллын нөхцөлд хэрхэх вэ?
-Усаар хөргөнө гэдэг нь крантны ус болон гэр хорооллын нөхцөлд шанагаар ус хутгаад түүнийгээ түлэгдсэн хэсэг дээр гоожуулна гэсэн үг. Ингэснээр халдвар дамжихгүй, түлэгдэлтийг намдаах ач холбогдолотой юм.Эцэг эхчүүд ванн, саванд дүүрэн ус хийгээд хүүхдээ суулгачихдаг. Эргээгээд хүүхдээ дааруулж, осголтод оруулах тохиолдол байна. Мөн даавуунд ус шингээгээд тавьдаг. Энэ ч бас буруу.
-Усны темпаратур ямар байвал зохих вэ?
-Манай тасагт хандан үйлчлүүлж буй иргэдийн 80-90 орчим хувь нь гэр хорооллоос ирж байна. Тийм учраас температур нь тасалгааных буюу гэрт байгаа усыг халааж, хөргөлгүйгээр хэрэглэхэд тохиромжтой.
-Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Эмч хүний хувьд түлэгдсэн хүүхдүүдийн сэтгэл санааг хуваалцдаг болов уу?
-Би ес дэх жилдээ ажиллаж байна. Бидний ирээдүй болсон хүүхдүүд ингэж олноороо түлэгдсэнээр залуу үеийн сэтгэл санаа болон цаашдын нийгмийг эмзэг болох гээд байна. Түлэгдсэн хүүхдүүд гоо сайхнаа алдах учраас сэтгэлзүйн хувьд эрүүл бус болж төлөвших гээд байгаа юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ