Жирэмсэн үеийн эмгэгээс шалтгаалан ураг бүтдэг

img

 

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр “Зориг сан”-аас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн оролцогчид “Эрүүл жирэмслэлт” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар  тус хөтөлбөрийн оролцогч З.Замбага, Б.Хоролмаа нар мэдээлэл хийв.

 

Улсын хэмжээнд 2015 онд 80 875 эмэгтэй амаржсан статистик мэдээ байна. Үүнээс 550 хүүхэд амьгүй төрсөн бол 21 эх 1234 нялхас эндсэн байна. Үүний гол шалтгаан нь перинаталь буюу жирэмсэн үеийн эмгэгээс шалтгаалсан болохыг улсын хэмжээнд жирэмсний хяналтыг хариуцдаг төв эмнэлгийн эх баригч эмч нар тогтоосон байна. 

 

2015 онд гэхэд 13816 нялхас ийм төрлийн эмгэг өвчлөлтэй төржээ. Перинаталь гэдэг нь ураг бүтэх, нярайн шарлалт зэрэг эмэгтэйчүүдийн жирэмсний үеийн буруу хувцаслалт, хооллолт, дасгал хөдөлгөөний улмаас  үүсдэг эмгэг аж. Жирэмсэн эмэгтэйчүүд зөв хооллож хувцасласнаар энэхүү эндэгдлээс хамгаалах боломжтой гэдгийг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн оролцогч З.Замбага хэллээ.

 

Тэрбээр “Эмэгтэйчүүд мэдлэггүй, буруу арга барилын улмаас перинаталь эмгэгээр ураг өвчлөх нөхцлийг бүрдүүлж байна. Иймд уг эмгэгийг бууруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд жирэмсэн эхчүүдэд хэрхэн хувцаслах, хооллох, дасгал хөдөлгөөн хэрхэн хийх талаар гарын авлага тараана.  Мөн “Намуун зэт” продакшны уран бүтээлчидтэй хамтран гурван жирэмсэн эмэгтэйг сонгон жирэмсний хяналтад орохоос төрөх хүртэл хугацаанд баримтат кино хийнэ” хэмээв.

 

Улсын хэмжээнд эмэгтэйчүүд жирэмсний хяналтад 85 хувьтай хамрагддаг байна. Гэвч хяналтад орсны дараа тогтмол эмнэлэгт үзүүлдэггүйн улмаас перинаталь эмгэгээр ураг өвчдөг. Хугацаа алдсаны улмаас ураг бүтэх, нярайн шарлалт зэрэг эрсдэлд ордог болохыг хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо.

 

Иймд “Эрүүл жирэмслэлт” төсөл нь жирэмсний хяналтын ач холбогдлыг ойлгуулах, жирэмсэн эхчүүдийн жирэмслэлтийн талаарх мэдлэгийг сайжруулах төдийгүй, үндэсний хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулахад хэрэглэгдэх баримтат кино нэвтрүүлэг бүтээхийг зорьсон аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ