Бид амьсгалмаар байна. Гэхдээ цэвэр агаараар...

Энэ удаагийн утааны эсрэг тайван жагсаалд илүү олон аав, ээж цэвэр агаарт эрүүл амьдрах эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөхөөр төв далбайд цугларав. Өмнөх жагсаалд 2800 иргэн гарын үсгээ цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүсэлт хүргүүлсэн бол энэ удаад түүнээс хоёр дахин олон хүн цугласан харагдана. Жагсаалд оролцогчид өмнө нь өлгийтэй хиймэл хүүхэд тэвэрсэн байсан. Энэ удаад хорвоод мэндэлж, дуугаа хадааж чадалгүй хэвлийдээ амьсгал хураасан бяцхан үрсийн хордож, бохирдсон уушгийг илэрхийлж гартаа жижигхэн хар өнгөтэй шаар барьцгаажээ. Тэд шаараа төрийн ордны хашаанд өлгөлөө.
Жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулаад төрөх хугацаагаа сэтгэл догдлон хүлээдэг байсан бол одоо хүүхдийн минь зүрх цохилох болов уу гэж сэтгэл зовнидог болсон тухай "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлж байна. Үнэхээр ч агаарын бохирдлын улмаас жилд 435 хүүхэд амь нас хохирсон талаар статистик мэдээг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргаад байгаа юм. Эдгээр хүүхэд улстөрчдийн сэтгэлгүй үйлдлийн золиос болсон гэж жагсаалд оролцож буй иргэд үзэж байна. Иймд Ерөнхий сайд утааны эсрэг жил бүр шинэ шийдэл нэрээр хий дэмий хөрөнгө салхинд хийсгэхийн оронд утаа хэзээ арилах, хэдэн онд бид санаа зовохгүйгээр эрүүл орчинд амьдрах эрхтэй болохыг тодорхой болгохыг шаардаж байлаа.
Жагсаалд оролцогчид зөвхөн гэр хорооллын янданг бууруулах биш эрх мэдэлтнүүдийн автомашиныг 40 хувиар бууруулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ удаагийн "Боож үхлээ" нэртэй жагсаалыг "МN 25" дугаар телевизийн хөтлөгч Алтантүрүү хөтлөн явуулж байна. Тэрбээр "Утаанд гэр хорооллын иргэдийг буруутгаж, яндан цөөлнө гэж ярьдаг. Яндан цөөллөө гээд утаа буурахгүй. Учир нь утаанд зөвхөн гэр хороололд амдардаг иргэд буруутай биш. Тиймээс оновчтой шийдэлд хүрэх нь зөв" хэмээн өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.
Мөн энэ удаагийн жагсаалд урлагийнхан идэвхитэй оролцож ая дуугаа өргөж байна. Тухайлбал "Никитон" хамтлагийн уран бүтээлчид МҮЭСТО-ны өмнөх талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл ачааны машин дээр утааны эсрэг зохиосон шинэхэн уран бүтээлээ дуулан парад алхсан. Харин "Лемонс", амьд хөгжмийн хамтлаг, Улсын филармонийн гоцлол дуучин Хулан нар мөн ая дуугаа өргөж жагсаалд өөрсдийн дуу хоолойгоо өргөлөө. Гэхдээ тэд энэ удаад уран бүтээлч гэдэг утгаар биш үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө энэхүү жагсаалд оролцож буйгаа онцолж байлаа.
Утааны эсрэг өмнөх жагсаалаар Монгол Улсын ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчид:
- Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд онц байдал яаралтай зарлаж шаардлагатай арга хэмжээ авахыг шаардсан.
Засгийн газарт:
- Агаарын бохирдол гамшийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч бодитой арга хэмжээ авах, Зохих нэмэлт өөрчлөлтийг Гамшгийн тухай хуулинд оруулах
- Засгийн газар, арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлаа өргөтгөсөн бүрэлдэхүүнээр буюу Ерөнхийлөгч, УИХ-ын бүх байнгын хороодын дарга нар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Баянхошуунд зохион байгуулах
- Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө санхүү, хийсэн ажлын тайланг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах
- Агаарын бохирдлыг 2018 он гэхэд 80 хувь бууруулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, 2017 оны нэгдүгээр сарын 26-нд иргэдэд нээлттэй танилцуулах
- Хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлэлт, амбулаторын үзлэг, нас баралтын статистик мэдээг ангилал тус бүрээр долоо хоног бүр ард нийтэд ил тод мэдээлэх
- 2017 оны нэгдүгээр сарын 10-нд нэг ч Монгол хүүхэд эмнэлгшийн коридорт,ү шалан дээр хэвтэж эмчлүүлэхгүйгээр зохион байгуулах, Мөн эмнэлгийн ор хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар буцаагдахгүй байхаар эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх,
- Агаарын бохирдлоос болж өрх айлд учирч буй алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж, энэ зардалд ирэх жилийн төсөвт хөрөнгө хуваарилах
- Агаарын бохирдол хэмжигч суурин станцыг Дархан, Эрдэнэт хот, аймгийн төв бүрт шинээр суурилуулж нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх
- Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл 25 хувиар бууруулах арга хэмжээ авах
Энэхүү шаардлагынхаа хариуг энэ сарын 10-ны дотор бичгээр болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулахыг шаардаж байсан билээ. Шаардлагыг хүлээж аваагүй, хариу өгөөгүй тохиолдолд төр, засгаас хариуцлага нэхэж огцруулах хүртэл арга хэмжээ авахаа эцэг, эхчүүд мэдэгдэж байсан юм. Өнөөдөр энэхүү шаардлагынхаа хариуг нэхэмжилж, утааны эсрэг түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байлаа. Мөн өмнөх жагсаалаар 2000 гаруй хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Харин өнөөдөр 10 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулж дахин Өргөдлийн байнгын хороонд өргөдөл хүргүүлэхээр гарын үсэг цуглуулж байна. Зохион байгуулагчид 10 мянган өргөдөл хэвлэн авчирсан бөгөөд иргэд маш идэвхитэй оролцож одоогоор 2-3 мянган өргөдөл үлдээд байгааг хэлж байлаа.
Жагсаалд оролцогчид "Бид амьсгалмаар байна. Гэхдээ цэвэр агаараар" гэдэг уриалгыг дуу нэгтэйгээр төр засгийн удирдлагууд хандан шаардаж байна. Жагсаалын санаачлагч Ц.Пүрэвхүү "Утааны эсрэг жагсаал дуусах болоогүй. Дөнгөж эхэлж байна" хэмээн онцоллоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ