Ц.Алтантуяа: Орон сууцжуулах ажлыг хоршоодоор хийлгээсэй

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Алтантуяатай ярилцлаа. Тэрбээр Монголын үндэсний хоршоологчдын V чуулганд “Хоршооллын хөдөлгөөний хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм.
-Монголын хоршоодын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсад хоршоолол хөгжөөд 95 жил болж байна. 1921 оноос эхлэн бүх л нийгмийн үед орон нутгийн хөгжлийг хоршоололтой уялдуулж байгаа. Хоршооллын хөгжил бидний хүссэн хэмжээнд хүрээгүй. Хоршоод үйл ажиллагаагаа эрчимжүүлж, гишүүдээ дэмжиж хараахан чадахгүй байна. Үүнийг би гадаад, дотоод хоёр хүчин зүйлээс хамааралтай гэж үзэж байна. Дотоод хүчин зүйл болох хоршоод, мэргэжлийн холбоодын гишүүддээ хүргэх үйлчилгээ төдийлөн хангалтгүй байна. Нөгөө талаар хоршоод дотоод ардчилал, зохион байгуулалт талаараа алдаа дутагдалтай байна. Гишүүдээ чадавхжуулах, хөгжил бизнесийн төлөвлөлтөө хийж, энэ дагуу үйл ажилагаа явуулж, өрсөлдөхүйц чадвартай байгуулага болохын төлөө ажиллахгүй байна. Харин гадаад хүчин зүйл нь төрийн бодлого уялдаа холбоо, залгамж халаа, чанар муутай байна. Засгийн газар солигдох бүрт бодлого өөрчлөгддөг. Энэ асуудал хоршоодын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Дэлхий нийтэд хоршоог онцгойлон авч үздэг. Тэгээд Засгийн газар нь тодорхой татаас, дэмжлэг үзүүлж, бодлогын зохицуулалтуудыг хийдэг. Үүний үр дүнд хоршоод маш их хүчирхэгжиж байна. Дэлхийн ТОП 100 хүнс үйлдвэрлэгчдийн 20-иод хувь нь хоршоод байна. Хоршоод 250 сая ажлын байр бий болгосон нь улс дамнасан корпорациудаас 20 дахин илүү гэсэн баримт бий. Дэлхийн шилдэг 300 хоршоодын борлуулалт жилд 7-11 хувийн өсөлттэй байдаг. Энэ хөгжлөөс Монгол орон хоцормооргүй байна. Хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд хоршоологчид хичээж, төр засаг тогтвортой, уялдаа холбоотой бодлого гаргаж, хөгжих орчныг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байна.
-Та сая Засгийн газрын татаас, төрийн дэмжлэг чухал тухай дурдлаа. Засгийн газрын зүгээс хоршоодод ямар татаас өгч, яаж дэмждэг вэ?
-Энэ мөн л харилцан адилгүй, тогтвортой бус асуудал. Засгийн газраас хоршоологчдод чиглэсэн дэмжлэгүүд бий. Гэхдээ энэ дэмжлэг урт хугацааны хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангаж чаддаггүй. Богино хугацааны санхүүгийн дэмжлэг болдог. Хоршоологчдод өнөөдөр урт хугацааны, эдийн засгийн өсөлтийг хангасан дэмжлэг хэрэгтэй байна.
-Хоршоод Монголын эдийн засагт ямар нөлөөтэй байна вэ? Хэр үр ашигтай ажиллаж байна?
-Монголд 4257 хоршоонд 78 800 хүн гишүүнчлэлтэй байна. Энэ 78 800 хүний гэр бүлийг тооцвол маш олон хүн хоршооны үр шимийг хүртээд амьдарч байна.
-Тэгвэл ямар хэмжээний хөрөнгө хоршооллын салбарт эргэлдэж байгаа вэ?
-Бүртгэлтэй бүх хоршоо мэргэжлийн холбоодод гишүүнчлэлтэй байж чаддаггүй. Монгол Улсад бүртгэлтэй байгаа 4200 хоршооны хувь нийлүүлсэн хөрөнгө нь 58.1 тэрбум төгрөг байгаа. Үүнд борлуулалт, эргэлтийн хөрөнгө нь нэмэгдвэл нэлээн өндөр тоо гарна.
-Ажлын байрын тухайд?
-Хоршоод гишүүдээ ажлын байраар хангахаас гадна гаднаас менежер, ажилтан авдаг. 1800 хүнтэй суманд 25 ажлын байр бий болгосон хоршоо бий.
-Аль салбарт хоршоод илүү амжилттай ажиллаж байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбарт хоршоод үр өгөөжтэй ажиллаж байна. Ялангуяа түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн чиглэлээр хоршоод амжилттай ажиллаж байгаа. Мөн хадгаламж зээлийн хоршоод сүүлийн үед маш сайн ажиллаж, эгнээ нь өргөжиж байна. Жижиглэн болон бөөний худалдаанд хоршооллын зарчмаар амжилттай ажиллаж байгаа туршлагууд бий.
-Хоршоо гэхээр малчдын нэгдэх гэх ойлголт түгээмэл. Тэгвэл хөдөө аж ахуйн салбараас өөр ямар чиглэл рүү хоршооны зарчмыг нэвтрүүлэх боломж харагдаж байна вэ?
- Монголд уламжлалт хэдэн салбарт хоршоод ажиллаад бусад чиглэл рүү оруулах, нэвтрүүлэх тал дээр дутагдалтай байна. Тухайлбал, Улаанбаатар хотын асуудал болоод байгаа орон сууц, цахилгааныг зөв зохион байгуулалтад оруулж, хоршооны зарчмаар ажиллуулах боломжтой. АНУ-ын эрчим хүчний 42 хувийг хоршоод хариуцдаг. Орон сууцжуулах ажлыг хоршоодоор хийлгэж буй туршлага улс орнуудад байна. Энэ чиглэл рүү манайхан хандаасай, бодлого тодорхойлогчид олж хараасай гэж хүсч байна.
-Иргэдийн зүгээс хоршоо эрхэлье гэсэн санал хэр тавьдаг вэ? Тухайлбал, орон сууц, эрчим хүчний чиглэлээр ажиллах санал ирдэг үү?
-Санал маш бага ирдэг. Хоршооллын талаарх иргэдийн ойлголт төдийлөн хангалттай биш. Хоршооллын талаарх мэдлэг мэдээллийг түгээвэл иргэд өөрсдөдөө тохиолдож байгаа хүндрэлийг хамтаараа даван туулах боломжтой аж ахуйн нэгж гэсэн ойлголтыг авна. Бусад оронд сургалтын хөтөлбөрт хоршооны хичээл ордог түгээмэл жишиг бий.
-Хоршоологчдод яг өнөөдөр тулгамдаж байгаа, шийдвэр асуудал юу байна вэ?
-Бид Хоршооны тухай хуулийг шинэчлэн найруулсан байгаа. Үүнийг батлуулах шаардлагатай. Энэ төсөл өмнөх хуулиа бодвол хөгжлийг харсан, хоршоодод үйл ажиллагаагаа өргөтгөх боломжийг нээнэ гэж бид харж байгаа. Мөн хоршооллын салбарт төрийн тогтвортой бодлого маш чухал байна.
-Танай холбоонд хичнээн байгууллага нэгдсэн вэ?
-Манай холбоо 21 аймагт салбартай. 460 анхан шатны хоршоо гишүүнчлэлтэй ажиллаж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ