Үндсэн хууль батлагдсны ач холбогдлыг олон нийтэд хүргэнэ

img

Төрийн ордонд эхэлсэн “Ардчилсан Үндсэн хууль-20”  эрдэм  шинжилгээний бага хурал үргэлжилж байна. Эрдэм шинжилгээний хуралд 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын эрхэм депутатууд, Улсын Бага Хурал, УИХ-ын эрхэм гишүүд, эрдэмтэн судлаачид оролцож байгаа билээ. Өдгөөгөөс 20 жилийн өмнө Ардчилсан Үндсэн хуулийн төслийг   нийт ард түмнээрээ хэлэлцүүлэн, тэр үеийн нийт сонгогчдын 900 гаруй мянган хүнээс давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авч байсан түүхтэй. Тэдгээр түүхт саналын бараг 50 шахам хувь нь Үндсэн хуулийн шинэ төсөлд ямар нэг хэлбэрээр тусгагдсан гэдэг. Ардчилсан Үндсэн хуулийн төслийг тэр үеийн Улсын Бага Хурлаар дөрвөнтөө хэлэлцэж, Ардын Их Хуралд өргөн барьсан аж. Ингээд тэр цагийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл оролцсон, олон намын мөн оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсан түүхтэй билээ. Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлсэн УИХ-ын дэд дарга Г.Батхүү, жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр нь монголчууд бид түүхэндээ анх удаа өөрсдийн оюун ухаанаараа, хэнээс ч хараат бусаар  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэн төвтэй төр улсыг тунхагласан  ардчилсан  Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр хэмээн онцолсон. Хорин жилийн тэртээ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаар манай нийгмийн улстөр, эдийн засгийн харилцаа  эрс шинэчлэгдэн, айл гэр, хувь хүний амьдрал, нийгмийн соёл, оюуны хүрээнд   үнэлж баршгүй хөгжил дэвшлийг авчирсан хэмээн УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ тэмдэглэж байлаа. Монгол Улс дэлхий дахинаа  Ардчилсан Монгол улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүнд нь өссөөр ирсэн бөгөөд Монголын ард түмний хамтын бүтээл болсон Ардчилсан Үндсэн хуулиа баталсан энэ өдөр монголчууд бид бүхний төрт ёсны нэгэн баярт өдөр болох нь зүйн хэрэг хэмээн тэрээр Эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэхдээ онцолж байсан. Үндсэн хууль батлагдсан жил бүрийн баярын  өдрийг тохиолдуулан  УИХ, түүний Тамгын газраас олон арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан Үндсэн хууль хэрхэн бүтсэн талаар ном хийж, баримтат кино бүтээн, Ардчилсан Үндсэн хууль бүтээгчдийн гэрэл зургийн цомог хэвлүүлж байна хэмээн дурдлаа. Түүнчлэн сэтгүүлчдийн дунд “Ардчилсан Үндсэн хууль” сэдэвт шилдэг бичлэг, сурвалжлагын уралдаан зохион байгуулж, зарим их, дээд сургуулиудын оюутнуудад Ардчилсан Үндсэн хуулийн түүхэн үүрэг, ач холбогдлын талаар хичээл заан, уулзалт зохион байгуулсан талаар мөн тэрээр хэллээ. Түүнчлэн Төрийн түүхийн музейн дэргэд “Ардчилсан үндсэн хууль-20” булан, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, парламентын номын санд номын булан нээж ажиллуулсан тухай дуулгалаа. Үндсэн хуулийг батлахад оролцсон эрхэм хүндтэй хүмүүсээ шагнаж урамшуулах зэрэг өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулж байгаагаа мөн сонсголоо. Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-ын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа “Ардчилсан Үндсэн хууль -20” эрдэм шинжилгээний энэхүү хурлын зорилго нь Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны ач холбогдлыг олон нийтэд хүргэх, Үндсэн хуулийн дархлааг хангахад чухам юуг анхаарах ёстой, Үндсэн хуулийн үзэл баримтлал, судалгааны шинэ чиг хандлагуудыг эрдэмтэн мэргэд Та бүхэнтэйгээ хамтран ярилцах явдал билээ хэмээн УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ