Татвар нэмэх тодотгол

Намрын чуулганаа завсарлуулсан эрх баригчид эдүгээ бие эмчлүүлж, тойрогтоо очиж, хуулийн төсөл дээр ажиллан дор бүрнээ нэгийг амжуулж яваа. Хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сард ханш нээхтэй зэрэгцэн эхэлнэ. Гэхдээ тэд Сар шинийн баярын дараагаар дахин Төрийн ордонд чуулах цаг үеийн чухал ажилтай боллоо. Ер нь намрын чуулганыг завсарласны дараагаар ээлжит бус чуулан хуралдуулах нь ерөнхийдөө тодорхой байсан л даа.
Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хороонд байгуулах гэрээ хэлэлцээр намрын чуулганы хугацаанд үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт дуусгавар боллоо. Ийнхүү бид ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдахаар болжээ. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогыг хэрэгжүүлж, мөнгөний бодлого дээр цогц арга хэмжээ авч, Монголбанкинд тухайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээр 440 саяыг нь ОУВС-гаас хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр олгохоор байгаа.
Ингэхдээ санхүүжилтийг үе шаттайгаар олгох юм билээ. Харин хөтөлбөр хараахан хэрэгжиж эхлэх болоогүй байна. Хэлэлцээрт тусгагдсаны дагуу манай талаас энэ оны улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөл үүслээ. 2017 оны төсвийг тодотгохдоо урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй, харин ч орлого бүрдүүлэх үүднээс хэд хэдэн татварыг нэмэгдүүлэхээр болж байна. Ингээд төсвийн орлого, зарлага болон концессын тал дээр зохицуулалт хийхээр болжээ. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд доорх 8 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Шатахууны онцгой албан татварыг манай улс өмнө нь хоёр удаа бууруулаад байсан. Энэхүү бууралтыг 2017 оны 7 дугаар сараас болон 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар буцаан нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгажээ. Мөн Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ. Одоогийн нөхцөлд Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 10 хувийг нь, ажилтан 10 хувийг нь төлдөг байсныг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх юм. Гэхдээ энэ нь өнөөдрийн тухайд цалингаасаа өөр орлогогүй, урт хугацааны лизингтэй хүмүүст хүндхэн тусах нь мэдээж. Учир нь ойрын хоёр жилдээ цалин нэмэхгүй байх хатуу заалттай.
Цаашлаад Суудлын жижиг автомашины насжилтаас хамаараад 3-15 хувиар, мөн цлиндрийн багтаамж 4500 1см3 –ээс илүү бол /насжилт/ 40-250 хувиар татвар нэмэгдүүлнэ. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх жагсаалтад хадгаламжийн хүүгийн орлогод 2018 нэгдүгээр сарын нэгнээс татвар ноогдуулах байсныг наашлуулах асуудал багтжээ. 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулахаар тусгасан байна. Архи, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар тус тус нэмэгдүүлнэ.
Дунд, урт хугацаандаа тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тодруулбал 2026 оноос эрэгтэй 65 нас, 2036 оноос эмэгтэй 65 насанд тэтгэвэрт гардаг болох аж. Явцын дунд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох үүднээс одоогийн түвшинд 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог байсныг 40 хувь болгон багасгах гэнэ.
Намрын чуулганаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг энэ онд 3 хувьд хүргэхээр төлөвлөсөн билээ. Цаашлаад эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрч өсөхөөр тооцсон. Харин ОУВС-гийн хэлэлцээрээр хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 онд эдийн засгийн өсөлт -0.0 хувиар, 2018 онд 1.8 хувиар, 2019 онд 8.1 хувиар өснө гэж тооцжээ. Мэдээж олон улсын шинжээчид үндэслэл, тооцоог газрын хөрсөн дээр ширхэгчлэн буулгасан байх талтай, манайхан ямар ч нөхцөлд хөөрүү зангаа дарж чадахгүй, хөөстэй тооцоолол гаргачихдаг гэм биш зантай. Цаашдаа энэ хоёр хөтөлбөрийн хэрэгжилт уялдах эсэхийг гүйцэтгэх засаглалынхан бодолцсон биз.
Өнөөдөр валютын хомсдол нүүрлээд байгаа. ОУВС-гийн хөтөлбөрөөр валютын нөөцийг 2017 оны төгсгөл гэхэд 1.6 тэрбум, 2018 онд 2.7 тэрбум, 2019 онд 3.5 тэрбум, 2020 онд 3.8 тэрбумд хүргэж нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төв банкны зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд алт худалдан авах нь хамгийн зөв арга гэж байгаа. ОУВС-гийн зүгээс өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөртэй харьцуулахад энэ удаад 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирнэ гэж үзэж байна лээ.
Ийнхүү татвараа нэмж, төсвийн болон мөнгөний бодлогын сахилга батыг чанд барьсанаар гурван жилийн дараа эдийн засаг сэргэж, валютын нөөц нэмэгдэнэ гэж ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч онцолж байсан. Манай улсын хувьд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх валютыг эхний ээлжинд зээлээ төлөхөд зарцуулж, эдийн засгийн хөрсөө эрүүлжүүлнэ гэж тооцож буй юм.
Үүний дараагаар ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр орж,хөтөлбөрөө батлуулах юм билээ. ОУВС-гийн хэлэлцээрт татвар нэмэгдүүлэх, ирэх жилүүдэд төсвөө нэмэхгүй байхыг чухалчилжээ. Эдийн засгийн хямралын үетэй зэрэгцээд иргэх хэдийнэ хэрэглээгээ хумичихсан. Олонхийн нь авдаг цалин эргээд лизингдээ явж байгаа. Харин яам, агентлагийн урсгал зардлыг хумих асуудал хөтөлбөрт тусгагдаагүй харагдана. Хэдийгээр өмнөх жилүүдийнхээс танасан гэж байгаа ч хэлэлцүүлгийн шатандаа эргээд нэмэгдчихсан байдаг. Өнөөдөр шинэ төр, засаг эмхлэгдэн байгуулагдаад нэгэн оны үдэж байгаа ч албан байгууллагуудын сандал ширээний асуудал цэгцрээгүй л байна. Орон нутгийн сонгуулийн дараа шинэ албан тушаалд томилогдсон эрхмүүд албан өрөөгөө засварлах “их цэвэрлэгээ”-г Сар шинэтэй зэрэгцээд хийж, энэ хэрээр урсгал зардал нэмэгдсээр. Ард түмний татварыг нэмэгдүүлсэн шигээ албан тушаалтнуудын хэрэглээг ч танамаар байна, уг нь.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ