Сайн санааны тусламжийг малчдад хүргэлээ

img

 

Урь унаж, жаврын үзүүр цаашилжээ. Энэ өдрүүдэд өнийн дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хайсан шигээ их хотын гудамжаар тааваараа гэлдрүүлж явах сайхан. Гэвч хөдөө нутагт цас ханзрах яагаа ч үгүй цагийн байдал хүндхэн байгаа. Малчдын өвөлжилттэй танилцахаар, мөн сайн санааны хандивааар цугларсан тусламжийг Архангай, Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэхээр Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш болон сэтгүүлч нөхдийн хамт “дөрөө” харшуулаад ирлээ.

 

 

Өнөө жил манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цастай байгаа. Мал нэгэнт дор орчихвол сэхэл авахдаа муу. Тиймээс ч малын тараг, тэвээр татраагүй, тамир тэнхээтэй байгаа дээр нь урьдчилан сэргийлэх үүднээс ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан эхлүүлжээ. Энэхүү  аянд малчин түмнээ гэсэн сайхан сэтгэлээр иргэн, аж ахуй нэгж, олон улсын байгууллагууд нэгдэж  эрвийх дэрвийхээрээ тусалж, өвс, тэжээл, хивэг болон элгэвч нэмнээ зэрэг эд материалыг малчдад хандивласныг бид хүргэлээ.

 

Тусламж хүргэх эхний сум Архангай аймгийн Өндөр-Улаан сум байлаа.  Тус суманд 1300 малчин өрх, 52 мянган малчин, 38226 толгой мал өвөлжиж байгаа аж. Энэ сум таван багтай. Таван багийн “Азарга”, “Хануй” гэсэн хоёр багийн зааг нутаг буюу “Бор бургасын гол” дагуу нутагт өвөлжилт нэлээд хүндэрсэн  байна. Цасны зузаан 20-25 см-т хүрчээ. Өвөлжилт хүндэрсэн хоёр багийн зааг нутагт нийт 151 өрх өвөлжиж байна. Тус газарт 13 мянган бод, 52 мянган бог мал өвөлжиж байна гэсэн мэдээ судалгааг тус сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Вандандулам танилцууллаа.

 

Малчид намрын дулаан цагт хадлан тэжээлээ бэлтгэхгүй, өвөл нь малдаа өгөх өвс тэжээлгүйн улмаас яам тамгын газраас тусламж хараад сурчихсан гэж зэмлэх хүн бий. Тус сумын малчид өнөө жил өвс тэжээлээ хэрхэн бэлтгэсэн талаар сумын ЗДТГ-ын дарга С.Вандандулам “Өнгөрсөн жилийн өвөл цас нэлээд орж, мал хоргодсон. Малчид тодорхой хэмжээний өвс бэлтгэсэн ч хүрэлцээгүй. Тиймээс бичин жил хатуу өвөл болно гэдгийг малчдад урьдчилан мэдээлж, ХХААХҮЯ-наас чиглэл болгосны дагуу цасан шуурга шуурч, өвөлжилт хүндэрсэн тохиолдолд малдаа сарын хугацаанд тавьж өгөх өвс, тэжээлийг бэлтгээрээ гэдгийг сумын удирдлагууд сануулж байсан. Үүний дагуу малчид иргэд маань өвс, тэжээлийг маш сайн бэлтгэсэн” гэв. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын фондод 50 тонн өвсийг нөөцөд бэлтгэсэн. Энэхүү өвс нь тусламжийнх биш, эргээд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөө босгох учраас малчдад нэг боодол өвсийг 7500 төгрөгийн үнээр худалдаалж байгаа ажээ.

 

Нэгдүгээр сарын сүүлээр гаргасан тоон мэдээгээр тус суманд адуу 272, үхэр 612, хонь 1083, ямаа 530, нийт 2497 мал хорогджээ.  Гэвч энэ жилийн хувьд хорогдол бага, зудын байдалд хараахан шилжээгүй байгаа гэдгийг ЗДТГ-ын дарга С.Вандандулам хэлээд “Малын хорогдол харьцангуй бага байгаа ч нэмж цас орвол байдал хүндрэх хандлагатай байна. ХХААХҮ-ийн сайд, Монголын ард түмэнг биднийг гэж байгаад баяртай байгаагаа нийт малчдынхаа өмнөөс илэрхийлье” гэв.

 

 

Тус суманд “Малчдад туслах сайн санааны аян”-ны хүрээнд нийт 10 тонн тэжээл хуваарилсан юм. Тусламжийн өвс, тэжээлийг хэн сэргэлэнд нь биш хэнд хэрэгтэй байна түүнд нь өгөхийг Л.Чой-Иш дарга захив. Хадлан тэжээл хомсдолтой, зөвхөн малаа түшиглэн амьдарч буй цөөн малтай өрхөд хуваарилахаа сумын ЗДТГ-ын дарга хэлж байлаа. С.Вандандулам даргад тусламжийн зүйлээ гардуулаад бид цааш Архангай аймгийн Цахир сумыг зорилоо.

 

Энэ сум Улаанбаатар хотоос 740 орчим км, аймгийн төвөөс 240 орчим км зайд орших  аж. Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Батсайхан “Манай сум чинь шүтээнтэй нутаг шүү” гэсээр биднийг угтлаа.  Одоогоос 2 жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нэгэн занданшуулсан бие олдсон. Энэ нь одоогийн Архангай аймгийн Цахир суманд төрсөн “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын /1816-1894/ шавь, аграмба Р.Санжайжав нарынх болохыг Түүхийн хүрээлэн, археологи, шүүх эмнэлэг, цагдаа болон шашны зүгээс гээд олон талын мэргэжилтнүүд багтсан шуурхай ажлын хэсэг тогтоосон билээ. Энэ нутгийн ард иргэд үүнд ихэд сүсэглэдэг нь илхэн.

 

 

Энэ нутагт сарлаг үхэр элбэг. Малын зонхилох хувийг сарлаг эзэлдэг бөгөөд өнөө жил 20 гаруй мянган сарлаг Цахир суманд өвөлжиж байна.  Сарлагийн тоо толгойг 30 мянгад хүргэх  байсан ч 2015-2016 оны өвөл 13 мянган мал хорогдсон бөгөөд үүний 50 хувь нь бага насны сарлаг үхэр хорогдсон гэдгийг албаны хүн хэлэв.

 

Цахир сум өндөр уулын бүсэд оршдог учраас өвс намхан ургадаг. Улмаар багахан хэмжээний цасанд дарагдчихдаг. Тиймээс ч өнөө жил малын өвс хомс, өвөлжилт хүндэвтэр байгаа. Нутгийн хөндий жалгаараа цас ихтэй байгаа тул мал төллөлтийн байдал хүндрэх төлөв ажиглагдаж байгаа  гэдгийг сумын ЗДТГ-ын дарга С.Батсайхан хэллээ.

 

Тэрбээр “Манай суманд өвөлжилтийг давахад зориулж ХХААХҮ-ын сайдын тушаалаар хандив тусламж ирж байгаад баяртай байна. Өвөлжилт төдийгүй төллөлтиин хатуу хүндийг давахад зориулсан сайхан сэтгэлийн хандив ирсэнд баяртай хүлээж авлаа. Аливаа тусламжийг бид очих ёстой газар, хүрэх ёстой эзэнд хүргэхийн төлөө ажиллана. Өвлийн хүйтэнд ажлаа умартаад бидэнд сэтгэл санааны тусламж хүргэж яваа та бүхэнд талархлаа. Сэтгэлээр өгсөн буяныг эзэнд нь хүргэнэ” гэв.

 

 

Зуданд цөөн малтай өрх нэрвэгдэж малгүй болох нь бий. Тиймээс энэ сумын удирдлагууд орон нутгийн хөгжлийн сангаас 8 сая гаруй төгрөгийн өвс, тэжээлийг нөөцөд бэлтгэжээ. Малчдад бэлэн мөнгөний гачигдал байдаг тул нөөцийн өвс, тэжээлээ зээлээр олгож, эргээд ноолуур гарах үед сангийн мөнгөө буцаан олох бодлого барин ажиллаж байгаа юм байна.

 

Дараа нь бид Завхан аймгийн Цэцэн-Уул суманд буулаа. “Муу нүүрт” хэмээх бичин жил “сүүлээрээ шарвахгүй” л бол  энэ сумын малчдад өвөлжилтийн тал дээр айх зүйл алга. Тэд өвөлжилтийн бэлтгэлээ тун сайн хангажээ. Тус сумын малчны төлөөлөл 500 гаруй малтай бөгөөд 320 мал төллөх аж. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл болгон 500 боодол өвс, гурван портер өвс, 80 шуудай тэжээл бэлтгэсэн. Энэ жил өвс тааруу гарсан болохоор бэлчээр муу байсан. Тиймээс эртнээс малаа тэжээсэн тул толгой өвдөх зүйл алга. Манай мал гуравдугаар сарын 20-ноос төлөлнө” гэж байв. Бид тусламжийн өвс, тэжээлийг сумын удирдлагад хүлээлгэн өгөөд цааш хөдөллөө.

 

 

 

Бидний дараагийн зорьж очсон сум бол Завхан аймгийн Идэр сум. Энэ суманд 2500 хүн аж төрж байна. Сум нийт дөрвөн багтай бөгөөд 128026 толгой мал өвөлжиж байгаа аж. Өвөлжилт Загастайн даваа орчимд хүндрээгүй. Харин Дархан-Уул багийн Ямаат, Тун, Жаргалант зэрэг газарт хүндрэх төлөвтэй байгаа аж. Сумын малчид урьд жилүүдийнхээс байгалийн хадлан сайн авсан. Мөн сумын нөөцөд 60 тонн тэжээлийг бэлтгэсэн. Түүнчлэн орон нутгийн хөглжийн сангийн хөрөнгөөс 10 сая төгрөг гаргаж аймгийн нөөцөд өвс, тэжээл бэлтгэсэн. Цаг хүндэрсэн үед нөөцөд байгаа өвс, тэжээлээ хэрэглэхээр бэлтгэжээ. Энэ бүгдээс ажихад тус сумын ард иргэд төдийгүй, удирдлагууд нь ч дор бүрнээ бичин жилийн өвөлд нэлээд сайн бэлтгэсэн байх юм.

 

Тус сумын Засаг дарга Х.Баярмаа гэх шавилхан, сэргэлэн бүсгүй “ХХААХҮЯ-ны зүгээс цагийн байдал хүндрэхээс урьтаж тусламж хүргэж байгаа нь маш зөв зүйтэй ажил болж байна.  Энэхүү тусламжийг яамнаас өгсөн чиглэлийн дагуу амжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцээд зорилтот бүлгийн хүмүүст хүргэнэ гэж бодож байгаа” хэмээн ярилаа.

 

 

Тус сумын Манустай багийн малчин Г.Баясгалан “Манайх хонь, сарлаг, адуу адгуулж байна. Адуугаа Идэр голын урагш  оторлоод саяхан ирээд байна. Үхэр, хонь энд өвөлжлөө. Намар цас орсон. Хоёр хоногийн өмнө жаахан цас орлоо. Өнөө жил тэнгэр хангай тогтуун сайхан өвөл боллоо. Өвөлжилт хаа сайгүй сайхан л байна. Өнөө жил манайх гурван портер машин өвс бэлтгэсэн. Одоогийн байдлаар малдаа тэжээл өгсөн зүйлгүй байна. Ганц нэг тэнхээ муу хурга ишигт л өдөртөө өвс тавьж өгч байна. Манай мал гуравдугаар сарын 20-нд төллөнө. Энэ жил 150 гаруй төл хүлээн авна. Энэ жилийн хувьд цас багатай өвс сайтай жил учраас мал ядраагүй муу хэлэх юм алга. Хүмүүс халуун намраар л бичин жил сүүлээ шарвана гэж муу хэлж байсан. Энэ өвөл сайхан л байна. Ирэх хавар ч сайхан хавар болно гэж бодож байгаа. Энэ өвөл мал сайхан тарган орсон. Тиймээс хавар мал ядарлаа гэхэд хорогдохгүй л гэж бодож байна” хэмээв.

 

 

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, иргэнээс цугларсан эд материал, өвс тэжээлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш Архангай аймгийн Өндөр-Улаан, Цахир, Хайрхан, Завхан аймгийн Цэцэн-Уул, Идэр, Цагаанхайрхан сумын Засаг дарга нарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

 

Тэрбээр “Манай яамнаас өнгөрсөн арваннэгдүгээр сард зудын эрсдэлийн зураглал гаргасан. Уг зураглалын дагуу цас ихтэй 15 аймгийн 140 суманд өвөлжилт хүндрэхээс урьтаж ХХААХҮ-ийн сайдын санаачлагаар малчид ард, иргэдэд хандсан уриалга, малчдад туслах сайн санааны аяныг арваннэгдүгээр сарын 18-нд эхлүүлсэн. Малын хорогдол үүссэний дараа зудын байдал зарлагддаг. Малын хорогдол ихэссэн үед малд хичнээн өвс, тэжээл өгөөд тамир тэнхээ дээрдэхгүй байсаар хорогддог. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс зудын эрсдэлийн зураглалд үндэслэн сум орон нутгуудад өвс, тэжээлийг тусламжийг хүргэсээр ирсэн. Үүний нэг нь энэхүү сайн санааны аян юм. Тусламж хүрч чадаагүй үлдсэн 9 аймгийн 26 суманд “Малчдад туслах сайн санааны аян”-ны хүрээнд дэмжлэг үзүүлж байна. Нэг суманд 10 тонн хивэг 250 гаруй  багц хүнс болоод дулаан хувцасны тусламж үзүүлж байна. Энэхүү тусламжийг хүргэхэд нийтдээ  100 гаруй  аж ахуй нэгж байгууллага нэгдэж хандив өргөсөн.  Тухайлбал 84 аж ахуй нэгж гэхэд 70 гаруй сая төгрөгийн бараа материалын тусламж үзүүлсэн. Үүнийг цаг үеийг нь олж малчдад эрт хүргэхийг зорьсон. Тулсамжийн тэжээлийг олон хүнд хүргэхэд гурилын үйлдвэрүүд маань дэмжлэг үзүүлж,  хямдралтай үнээр нийлүүлсэн. Мөн тээвэрлэлт хийж буй жолооч нар маань байж болох доод үнээр тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэж өгч байна” гэв.

 

Тусламжийн тэжээлийг хэрхэн хуваарилах тухай зөвлөмжийг ХХААХҮЯ-наас гаргажээ. Уг зөвлөмжид зөвхөн мал адгуулж амжиргаагаа залгуулж буй өрхөд болон отроор өвөлжиж буй малчдад тусламжийн эд материалыг хүргэхийг тусгасан байна. Мөн сум бүрт иргэдийн оролцоотой шийдвэр гаргадаг “Амжиргааг дэмжих зөвлөл” гэж байдаг. Энэ зөвлөлөөр хэлэлцэн шийдвэр гаргаж, хамаатнууддаа биш хэрэгтэй хүнд нь эзнийг нь олж тусламжийг хүргэхийг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш зөвлөж байлаа.

 

 

Хандив тусламжийг хүргээд биднийг гэдрэг буцах аясад нар баруун уул руу дөхсөн байв. Энгэр ээвэр газар шаргалтан хотлох болоогүй хонин сүрэг нар туссан ээвэр газарт налайн тогтжээ. Ирж яваа цагийн урь амсаж, шаргал талын дундах хөдөө нутагт аяны дөрөө мултлаад ирсэн минь энэ билээ.

 

Бичин жил зуд болдог. Зуд болохгүй юм гэхэд хүндхэн хавар болдог гэдэг ч хөдөөгийн малчид “хотоогоогүй” сэтгэл тэнэгэр л өвөлжиж байна. Орсон аль ч айл идээ цагаа болж угтах нь ирэх хаврын өнгийг илтгэнэ.  Олон хүний сайхан сэтгэлийн хандиваар цугласан тусламж малчин түмний сэтгэлд элч, дулаан бэлэглэх биз ээ.

 

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ