Баадан дүүрэн БАЯРЫН БИЧИГТЭН

img

 

Нүд алдам цагаан тал дундуур 900 орчим км зам туулан, давхиулсаар Завхан аймгийг зорьсон нь тус аймгийн Идэр сумын “Загастай” багийн малчин Г.Сандаг-Очир гуай Улсын аварга малчин болсон хэрэг. Хот айлын өвөлжөө алсаас бараантан харагдах бөгөөд гурвалжлан буусан том цагаан гэрийн нэг нь улаан халзтай байх нь Улсын аварга малчны өвөлжөө мөн болохыг илтгэнэ. Өнөө жилээс хуучны уламжлалыг сэргээж Улсын аварга малчин цолыг өргөө цагаан гэр дагалдуулан олгодог болж буй талаар албаны хүн хэлсэн.

 

Улсын аварга малчин хэмээх алдар цолоо дөнгөж хүртээд, “Аварга малчин” хэмээн тодоор бичсэн улаан туузаа тайлж амжаагүй байхад нь найрын гэрт орлоо. Аварга малчин Г.Сандаг-Очир гуай хөөрөг зөрүүлж угтаад өнтэй сайхан өвөлжлөө гэх бэлэгтэй үгээр биднийг угтсан юм.

 

Г.Сандаг-Очир гуай 1966 онд сургуулиа орхиж, ижий аавдаа тус дэм болохоор мал маллах болжээ. Өдгөө тасралтгүй 50 гаруй жил мал адгуулж, сүргээ 2000 гаруй толгойд хүргэсэн байна. Аварга малчны гэрийн хойморт “Алтан төлийн эзэн”, “Аймгийн сайн малчин”, “Мянгат малчин” зэрэг баярын бичиг өрөөтэй харагдах нь залуу халуун насных нь ажил хөдөлмөрийг гэрчлэнэ.

 

 

Г.Сандаг-Очир гуай эхээс 12-уулаа аж. Эднийх бүгд л малд элэгтэй улс бололтой юм. Түүний том эгч Юнчмаа нь эхлээд Улсын аварга малчин болжээ. Дараа нь дүү Туваандамбий нь  болсон. Харин өнөө жил Г.Сандаг-Очир гуай аварга малчин болов. Тэрбээр “Ээж, аавынхаа ач буян, ариун цагаан сэтгэлээр бидний үйлс дэлгэрч яваа гэж боддог” хэмээн ярихдаа харцанд нь санаашрал тодорч харагдана. Г.Сандаг-Очир гуайнх зургаан хүүхэдтэй. Зургаан хүүхдийн хоёр нь аавыгаа дагаж мал адгуулж амьдрах болжээ. Түүний хүү Г.Баянмөнх нь 2015 онд аймгийн аварга малчин болсон гэнэ. Хүргэн хүү Хүрэлбаатар нь ч аваргын дайтай сайн малчин гэдгийг хадам аав нь магтаж өгүүлсэн.

 

Хүүхдүүдийнх нь хоёр нь малчин болсон бол бусад нь хотод Төрийн банкинд болон Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт ажилладаг гэнэ. Г.Сандаг-Очир гуай бусдыг нь малчин болгож дийлээгүй. Хоёрыг нь мал дагуулсандаа олзуурхдаг. Хүүхэд томрохоороо хот руу л сэтгэлтэй болчих юм хэмээсэн.

 

Социализмийн үед тэрбээр гэргийн хамт нэгдлийн мал хариулдаг байжээ. Харин ардчилалын буянаар нэгдэл хувчлагдах үед Идэр суманд 16-аас дээш насны хүмүүст мал өгсөн бөгөөд энэ үед Г.Сандаг-Очир гуай гэргийн хамт 60-70 толгой мал авч чаджээ. Үүнийгээ үржүүлсээр 2014 онд малын тоо толгойгоо мянгад хүргэсэн, өдгөө 2000 хүргээд байгаа ажээ. Нэгдлийн үед баадан дүүрэн баярын бичиг хүртсэн талаараа Г.Сандаг-Очир гуай бидэнд хуучлав.

 

Бага залуудаа нэгдлийн мал хариулахаас гадна тууварт цөөнгүй явжээ. Тухайн үед тууврын малын жинг заавал биелүүлэх хэмжээ зааж  өгдөг байсан гэнэ. Түүнийг нь 10-15 килограммаар давуулдан биелүүлдэг байжээ. Ийн төлөвлөгөөг давуулан биелүүлсний төлөө 1985 онд Улсын тууварч малчдын дөрөвдүгээр зөвлөгөөнд оролцуулж, сайн тууварчин хэмээн үнэлж ЗХУ-ын Ленинград, Москва хотоор аялуулж байсан гэв.

 

Бас Г.Сандаг-Очир гуай залуу халуун насандаа шаггүй анчин явжээ. Ан гөрөө их хийж, аймаг, сумаасаа аварга анчин шагнал хүртэж байсан аж. Ан хийхээ байгаад 10 гаруй жил болж байгаа ч хийвэл хийчихнэ хэмээн өвгөн малчин залуугийн шавилхан байдлаа гэнэт санах шиг даналзаж билээ. Тэгснээ “Би гэдэг хүн Алтан хангайн хишигийг ихэд хүртсэн дээ. Одоо хүүхдүүд хааяа нэг ан хийдэг л юм. Гэхдээ намайг гүйцэхгүй” хэмээн том хүү рүүгээ харж, учиртай инээмсэглэв.

 

Аварга малчинтай яриа өрнүүлэх аясад том хүү Баянмөнх нь байсгээд л хундага сэргээж, идээ цагаа өмнө дэлгэнэ. Гэрийн эзэгтэй ч зочид ирэх тоолонд гал өрдөн шинэ цай чанаж, гэрт байгаа хүн бүрт хүндэтгэн барих нь даанч сайхан ёс юм.

 

 

Г.Сандаг-Очир гуайн гэргий цагаан идээгээ тов хийсэн үнээр борлуулдаг гэнэ. Харин Г.Сандаг-Очир гуай шир сур бэлдэнэ. Нэхий элдэж хүүхдүүддээ сэгсүүргэн үстэй дээл бэлтгэдэг аж. Ийм л аж ахуй ч хөдөлмөрч учраас Улсын аварга хэмээх эрхэм цолыг хүртээ биз ээ. “Одоогийн залуу малчид ямааны ноолуур л үнэтэй байдаг учраас тушаачихаад үнээгээ ч саахгүй санаатайдаг шүү. Бидний баг залуугийн үеийн уламжлалт аж ахуй жил ирэх тусам алсраад л байна” хэмээн Г.Сандаг-Очир гуай хэлсэн.

 

Мөн тэрбээр “Малыг чанаржуулах цаг болжээ. Тоо биш чанарын хойноос явах цаг болсон. Манай хангай нутагт бүр бэлчээрийн даац хэтэрчихсэн хүрэлцэхгүй байна. Би эцэг мал буюу ухнаа Говь-Алтай аймгийн Бууралаас авсан. Харин хуцаа Төв аймгийн Баянцагаан сумаас, азаргаа Дорнотын Матад сумаас авсан. Малаа өсгөхийн тулд тооны араас хөөцөлдөх биш чанаржуулах нь чухал” хэмээн буурал малчин зөвлөж байлаа.

 

Эднийх олон туслах малчин авч ажлуулж, малжуулсан гэнэ.  Би туслах малчдынхаа хүчинд л аварга болсон. Аваргын буухиаг залгамжлах туслах их олон байна. Эд маань малд хайртай хүмүүс гэж туслахуудаа магтана.

 

Г.Сандаг-Очир гуайнх өнөө жил 800 орчим төл мал хүлээн авах ажээ. Өнөө жил манай мал үнэхээр өнгөтэй орлоо. Мал намраараа, өвөлжилт сайхан байгаа. Тарган орсон мал төвөггүй төллөнө. Мал төллөлтийн бэлтгэлээ ч бүрэн базаачихсан хэмээх нь аварга малчны арвин туршлагыг илтгэнэ.

 

Улсын аварга малчин болсноо дуулаад Г.Сандаг-Очир гуай ихэд баярласан гэнэ. Учир нь түүнийг нутгийн удирдлагууд нь 5-6 жил аварга малчинд тодорхойлж, сая нэг аварга малчин цолыг хүртээд байгаа аж. Одоо хошой аварга болохын төлөө зүтгэнэ гэнэ. “Аварга болчихвол л сэтгэл ханах юм шиг санагдсан ч хүн улам л урамшдаг бололтой юм. Хошой аварга болохын төлөө малаа маллаж, үнэнчээр зүтгэнэ” хэмээж байлаа.

 

 

Аварга малчны гэрээс гарахад нар хэвийж, хонь хотолсон бууц илч, дулаанаар ээж байлаа. Уяан дээр чөдрийн морьд эзнээ танин үүрсэж, сарлаг үхэр хөлөө жийгээд хээв нэг хэвж харагдана. Буцахад гэрийн эзэгтэй намрын шаргалтсан өрөм, уут дүүрэн ааруул бэлэглэж биднийг үдэх нь даанч сайхан. Биднийг үдэхээр бүгд гэрийн гаднаа гар даллаж, алсрах тусам зогссоор л үлдлээ. Нар салхинд борлож, гандсан ч малчин түмэн минь өнтэй өвөлжиж, дулаан хаваржих болтугай.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ