Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө

img

Өнөөдөр Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын сүүл “битүүний өдөр” билээ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Өдөр нь эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж, харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж, хур дэлийг нь засч бэлдэнэ. Харин битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу тавьж сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцас өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг уламжлалтай. Энэ өдөр хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засах учиртай.

 

 

Битүүний зоог

 

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг бөгөөд тэнгэрт анхны од харагдах үед цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхлэх ёстой байдаг. Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавьдаг. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж, гургалдайгаар нар зөв ороон сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдох учир гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Үүний дараа толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь заалснаар битүүг эхлүүлдэг. Ийнхүү битүү гаргах ёслолоо хийсний дараагаар хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрэлээр битүү чанасан толгойн шөлөндөө хөц буюу бууз, банш зэргийг чанаж, битүү хоол битүүртлээ идэх учиртай. Мөн бууз жигнэж, банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг.

 

Битүүний орой унших тарни

 

Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд “Ум навова гавади базар сараa брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.

 

 

“Алаг мэлхий өрөх” тоглоом

 

Битүүний өдөр хүүхэд багачууд шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн уламжлалтай билээ. Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр дөврөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хушуунд гурав, хоёр нүд, хоёр чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлэн нуруу хэмээн нэрийдэж өрсөн шагайн дээр байрлуулдаг ёстой.

 

 

 

 

Тотгон дээр мөс тавьдаг ёсон

 

Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ. Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч, дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж буй дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундганд хийж тавьж болно. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог гэх тул битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа амжсан байх ёстой.

 

Лхам бурханы зүрхэн тарни

 

Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум. (Долоон үе болгож энэ тарнийг урин уншихад долоон гишүүнтийн дээд тахил болдог нууц увидастай)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ