Малын буян хишиг надад алдар хүнд төдийгүй урт нас хайрласан

Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, малчин Гомбоцэрэнгийн Сампилтай ярилцлаа.
-Та хичнээн жил мал маллаж байна вэ?
-Малчнаар мал маллаж ажиллаад 80 хүрч байгаа 1937 оны шороон бор жилийн хүн би. Малын буян хишиг надад зөвхөн алдар хүнд төдийгүй эрүүл мэнд, урт наслахын боломжийг хайрлажээ гэж бодож явдаг. Би 4000 гаруй таван хошуу малтай.
-Хүүхдүүдээс тань хэд нь малчин болсон бэ?
-Тэгэлгүй яахав. Гурван хүү, хэд хэдэн ач зээ нар мал сүргээ маллаад явж байна. Миний отгон хүү Амгаланбаяр Иргэдийн хуралд төлөөллөөр сонгогдоод мал аж ахуйгаа эрхлээд явж байна. Зарим нь аймгийн Сайн малчин болсон. Мал аж ахуйн салбараа дөрвөн өрх айл, дөрвөн бэр маань өвлөөд явж байгаа. Цаашдаа ч уламжлагдан өвлөгдөх учиртай. Өвөг дээдсээсээ мал аж ахуйгаа авч явах арга барилыг монгол хүүхдүүд өвлөж ирсэн байдаг. Энэ бол зөвхөн миний гэр бүлийн, малчдын тухай асуудал биш. Ерөөсөө Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд байх, өвлөх ёстой арга ухаан.
Чингис хааны айлдвар сургаальд “Өвөл зунгүй нүүдлийн малд яваад сүрэг тарган, цэрэг хүчирхэг болвой. Энэ сургаалийг мянган жил хувиралгүйгээр авч яваарай” гэсэн байдаг. Чингис хааны энэ айлдвар сургаалийг халх журамд хүртэл хуульчилж баталсан байдаг. Жишээ нь Монголын энэ нүүдлийн мал ахуй ахуй, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь хэн нэг хүний амь амьжиргааны үндэс төдийхөн биш юм. Олон зуун жилдээ хэрэгжүүлсэн ирсэн монгол ухаан юм.
Ардчилал гэх чөлөөт тогтолцоо монгол түмэнд маш том боломж олгосон. Иргэн бүр мал сүргээ өмчлөх, захиран зарах, үйлдвэрлэл эрхлэх, хэдэн ч тоо толгойд хүргэж болох, ашиг шимийг нь хүртээх гээд боломж, бололцоо нээлттэй байна. Мал аж ахуйн салбарыг төрөөс удирдах зохион байгуулалттай ажлын хүрээнд боломжийг нь сайн хангах хэрэгтэй. Түүнээс бус дээрээс нь зааварчлах, жорлож удирдана гэвэл мал аж ахуйн энэ том салбар алдаанд орно.
-Та хичнээн залуусыг мал маллах ухаанд сургав?
-Миний үр хүүхдүүдээс гадна намайг дагаж, миний арга барилаас суралцан ажиллаж байгаа малчид бий. Зүүн гурван аймагт хэдэн зуун малчин залуус байдаг. Зөвхөн манай аймагт гэхэд 1000 гаруй мянгат малчин байна. Тэр бүгд миний жишээ, туршлага дээр, бидний санал бодол, арга ухаан, хэв маяг нэг байдаг. Цаашдаа ч ингэж дэлгэрч явдаг.
Бидний өлчир омог хэвшлийн мал сүргийн тухай асуудал бол хашаагүй технологи, тэжээл бага хэрэглэдэг. Бэлчээрийн нөхцөлд мал байгаль хоёрын хэвшлийг хангах замаар авч явдаг арга.
-Малчин хүмүүс цаг агаараа шинжиж малаа малладаг. Ирж байгаа тахиа жилийн өнгө ямар байх бол?
-Ойрын жилүүдэд гайгүй байна. Улирал бүрийн эхэнд салхи шуурга, бороо, цастай зэрэг үзэгдэл байна шүү дээ. Харин тахиа жилийн өвөл тийшээ хүндхэн байж мэднэ. Гэхдээ айхтар хүндрэл түгшүүр зарлах хэмжээнд очихгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ