“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг үргэлжилж байна

img

 

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудалд үргэлжилж байна. Энэхүү аян нь Зөвлөлдөх ардчиллын хэлбэрээр явж байгаа учраас хэлэлцүүлэгт оролцогчдод бүх талын тэнцвэртэй мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн танилцуулга хийгээд “Ардын эксперт”-үүдийн асуултад хариулж байна.

 

Иргэн Молорболд:

 

-Монгол Улс хэдэн улстай дипломат харилцаа тогтоосон бэ. Африкийн орнуудад манай цэргүүд их ажилладаг. Африкийн ямар оронтой харилцаа тогтоосон бэ. Дипломат харилцаа тогтоосны давуу тал юу вэ?

 

Л.Пүрэвсүрэн: -НҮБ-ын гишүүн 187 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгаа. Одоо таван улс үлдсэн байна. 1990 онд 90 гаруй оронтой дипломат харилцаа тогтоогоод байсан. Африкт энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн их оролцдог. Африкийн орнуудаас хоёр улстай дипломат харилцаа тогтоосон байгаа. 2013 онд Өмнөд Африктай дипломат харилцаа тогтоох асуудлыг ярьж байсан. Гэхдээ тухайн үед цаг үе нь хараахан болоогүй гэж үзээд энэ асуудлыг түр хойшлуулсан. Ер нь Монгол Улсын иргэн амьдарч байгаа газар Элчин сайдын яамаа байгуулах чиглэлд ажилладаг. Дипломат харилцаа тогтооно гэдэг бол хоёр орны харилцааг ойртуулна л гэсэн үг шүү дээ. Тэр хэрээрээ Монгол Улсын эдийн засгийн болон тусгаар тогтнолын аюулгүй байдал баталгаажиж байдаг.

 

Баянзүрх дүүргийн иргэн Очирбат:

 

-Энхийг сахиулах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү. Монгол цэргүүд үүргээ маш сайн гүйцэтгэдэг гэж их ярьдаг?

 

Л.Пүрэвсүрэн: -Энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс маш идэвхтэй оролцдог. Мөн үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Монгол цэргийн хамгаалалтад хамгийн аюулгүй байдаг гэдгийг гадаадад ажиллаж байхад бусад улс орны тэргүүнүүд хэлдэг. Хамгийн сүүлд л гэхэд, хоёрхон хоногийн өмнө манай энхийг сахиулагчид Судан улсад 50 хүний амийг аварсан хамгаалалт хийсэн байна. Энхийг сахиулагчдын чанар, тоо улам нэмэгдэж байгаа. Монгол цэргүүдийн алба хааж, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа орон бүр маш ам сайтай байдаг. Их бахархдаг.

 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Банзрагч:

 

Оюутолгойн гэрээний асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ. Мөн таны хувьд?

 

Л.Пүрэвсүрэн: -Монгол Улсын Ерөнхийлөгч анх сонгогдсоны дараа буюу 2009 онд Оюутолгойн гэрээ хийгдэж байсан. Эхний гэрээ хийгдэхэд Ерөнхийлөгч дутуу дулимаг зүйл байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Эдийн засгийн хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Оюутолгойн хувьд бодит хөрөнгө оруулалт хийгдсэн. Миний хувьд эдийн засагч хүн биш учраас гэрээний зөв, буруу эсэхийг дүгнэж хэлж чадахгүй. Ганцхан л сургамж бидэнд үлдсэн. Дотоодын боловсон хүчнээ бэлдэх. Оюутолгойн сүүлийн шатны гэрээнд Гадаад харилцааны сайд байхдаа яамнаасаа төлөөлөл оролцуулсан. Хоёр удаагийн хэлэлцээрийн дараа Гадаад харилцааны яамнаас оролцсон мэргэжилтэн надад тухайн үед илтгэсэн. Тэрээр “Оюутолгойн гэрээний ганцхан үгний цаана маш их хуулийн заалт хөндсөн, олон утга агуулсан зүйл байдаг юм байна. Тэр бүхнийг ойлгохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр Оюутолгойн гэрээний хувьд эдийн засгийн тооцоо судалгаа гээд олон зүйл байдаг.

 

Хан-Уул дүүргийн иргэн Ш.Даваадорж:

 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч байнга төвийг сахина гэдгээ НҮБ-ын индэр дээр хэлсэн байдаг. Гэхдээ төвийг сахих санаачилга гэсэн албан ёсны хууль эрх зүйн баримт бичиг байдаггүй. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд одоогийн УИХ-аар төвийг сахих санаачилгыг батлуулж чадах уу?

 

Л.Пүрэвсүрэн: -Төвийг сахих бодлоготой хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьснаа буцааж татсан. Учир нь шинэ Засгийн газар бүрдсэн учраас одоогийн Засгийн газрын саналыг авах шаардлагатай болсон. Төвийг сахих бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлдэг орон бол Швейцарь. Төвийг сахих бодлогыг зөвхөн цэрэг, армитай холбож ойлгоод байх шиг байна. Зөвхөн цэрэг арми бус эдийн засаг зэрэг олон салбарт энэ бодлого үйлчилдэг. Швейцарьт л гэхэд төвийг сахих бодлогынхоо хүрээнд амжилттай ажиллах дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллагуудыг эх орондоо татаж, байгуулж чадсан байна. Хоёр хөрштэйгөө мөн энэ талаар яриа хэлэлцээ хийж байгаа. Мэдээж маш хурдан шийдэгдэх асуудал биш.  

 

 “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ