Мэдэгдэл гаргахаас өөрийг мэддэггүй ХЭҮК

Хүний эрхийн үндэсний комиссоос дахин мэдэгдэл гаргажээ. Ер нь бол мэдэгдэл гаргадаг л байгууллага юм байна.
“Дүнжингарав-2017” хурдан морины уралдаан болохын өмнөхөн Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн тухай мэдэгдэж байв. Тухайн зөвлөмжид хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байхыг, хориглох шийдвэр гаргахыг Засгийн газраас хүссэн байлаа. Гэвч Засгийн газарт тухайн зөвлөмж нь үйлчлээгүй, тав хоногийн дараа “Дүнжингарав-2017” уралдааныг зохион байгуулах шийдвэрийг гаргав. Шийдвэрийн дагуу хурдан морины уралдаан болдгоороо болж, алдарт уяачид зугаа цэнгэлээ эдэлж, хүүхдүүд унаж, зарим нь бэртэж гэмтэв. “Дүнжингарав”-т нийт 285 хүүхэд оролцож 31 хүүхэд мориноосоо унажээ. Хоёр хүүхэд гэмтсэн байна. Нэг хүүхдийн зүүн гарын шуу, нөгөө хүүхдийн баруун хөлний шилбэ гэмтжээ. Тэдний эрхийг Хүний эрхийн үндэсний комисс хэрхэн хамгаалах гэж байна вэ?!
Үүний дараа буюу өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссоос дахин мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд “Комисс тус уралдааны явцад хяналт тавьж ажиллах байсан боловч Засгийн газрын тогтоолыг хэсэгчилэн түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан тул Засгийн газар шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж биелүүлнэ гэж найдаж байлаа” гэх утгагүй өгүүлбэр бий. Хийх ёстой байсан ажлаа хийгээгүй буруугаа хэнд тохно вэ?! Шүүхийн шийдвэр гарсан ч “Дүнжингарав-2017” хурдан морины уралдаан болох нь аль хэдийнэ тодорхой болсныг Хүний эрхийн үндэсний комиссынхон мэдээгүй байх нь. Тиймдээ ч уралдаан болж, хүүхэд унаж бэртсэний дараа “Комисс тус уралдааны явцад хяналт тавьж ажиллах байсан боловч...” гэх мэдэгдлийг гаргаж, үймэрсэн хэрэг.
Мэдээж, харамсал илэрхийлэхээ мартаагүй. “Засгийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо шүүхийн шийдвэрийг үл биелүүлж хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсан бөгөөд уралдааны үеэр олон хүүхэд мориноос унасан, хүүхэд гэмтэл бэртэл авсан тохиолдол гарсанд Комисс маш их харамсаж байна” хэмээн хэнд ч юм гүн эмгэнэл илэрхийлжээ.
Үндэсний гэх том тодотголтой ч нөлөөлөх чадваргүй. Хүний эрхийн төлөө ажиллах гол үүрэгтэй боловч мэдэгдэл гаргахаас өөрийг мэддэггүй. Ийм байхад Хүний эрхийн үндэсний комиссын үгийг хэн тоох билээ.
Тус байгууллага Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлийг жил бүр гаргадаг. Илтгэл бүртээ хүний эрх зөрчигдсөн тухай дурддаг. Харин зөрчигдсөн эрхийн төлөө тус байгууллага юу хийв. Мэдэгдэл гаргахаас өөр хийх ажил алга уу.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ