Ижийтэйгээ цуг өтлөхсөн...

Он цагийн шаргал тоосонд сэтгэлээс ер сарниагүй буйдхан нутагтаа, хөдсөн бойтогны хонх хаа нэгтээ нь гээгдсэн гол усандаа л нэг очоод ирэхсэн. Хөгшин хүн шиг худлаа “хэлбэртлээ” гэж амьтан бодохоор... Яалтай ч билээ дээ яг нэг ийм л хавраар сэтгэл гэгэлздэг юм. Буузан бойтогныхоо мөрийг шороон дээр нь барласан буйдхан нутагт минь буурал ижий минь суудаг болохоор тэр биз ээ.
Манай нутагт арын өврийн хангай шиг алагласан цэцэгс, атганд унадаг жимс, Орхон Сэлэнгэ шиг халгиж цалгисан их усан үгүй л дээ. Гэхдээ цагаан тосны булан эмтэлж сайн муугийн аль нэгийг дуулгасан хэрээнд өгөнгөө “Сайн хэл, сайн хэл үүр чинь том өндөг чинь цагаан болох болтугай” гээд шувуунд хүртэл сайныг ерөөн битүүхэндээ намайг л хүлээсээр сүүдэр нь жижгэрсэн ижий минь суугаа болохоор тэгтлээ гэгэлздэг хэрэг. Гэвч нэг их том хүн шиг ажил амьдрал гэж гүйсээр очиж завдахгүй явна. Үгүй ер ижийнхээ өтөлснийг, баярлах гомдох нь хачин амархан болсныг аанай л анзаараагүй явж билээ.
Тэгсэн өнгөрсөн намар манай нутгийн надтай үе чацуу охин айлын бүсгүй болж, хуримаа хийлээ. Нутгийн заншил, ёсоор охины талаас ирсэн аав, ээж, ах дүү, хамаатан садан нь найрын гэрт хонож болохгүй. Ирсэн өдөртөө даруй буцах жаягтай юм. Явахад нь хүртэл айлын бэр болж буй бүсгүй араас нь харж, үдэж өгч болдоггүй, тулгандаа галаа асаан өрдөх учиртай. Эл үйл явдлыг ажиж суусан миний муу ээж айлын охины оронд намайг буй мэтээр төсөөлж л дээ.
Орой нь аав над руу утас цохиж байна. “Ээж чинь согтоод Дондовын найран дээр уйлаад” гэж хөгжилтэй хов хэлэв. Тэгсэн ээж яриа тасалж дуу нэмэн “Миний муу охин хэзээ ингээд айлын хүн болоод уйлаад үлдэх бол гэж бодоод сэтгэл баахан хямарчихлаа” гэчихээд сэтгэлийн тэндээс сэнхийтэл санаа алдаж байсан нь одоо бодоход ч хоолой зангируулна.
“Яаж би ээжээсээ хоцроод танихгүй айлд үлддэг юм. Яашиг уйлах гээд байвал таныг дагаад л явчихна” гэж хариуд нь намайг адгахад “Болохгүй миний хүү. Буруу юм ярьчихав уу даа зөнөг чинь” гээд учиргүй тэвдэж билээ.
Ай даа ижий дээ л нэг очоод ирэхсэн. Адгаж бүр ижийтэйгээ л цугтаа өтөлмөөр байна.
Аргалын утаанд бүжин дулаацаж намхан бор гэрийн минь хаяанд зүйрмэглэж хонодог нь сүү гэрэлтсэн сэтгэлийн их тайтгарал ижий минь аж төрдөг болохоор тэр биз. Хонь хотолсон бууцны тийм гэхийн тэмдэггүй өвөрмөц үнэр, адуу малын зүс өтгөрсөн өнгө муутайхан хавар хачин тансаг санагдах нь тэнд ижий минь суудагынх л байх.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ