Он дуустал ”бүсээ чангална”

Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-580 сая ам.долларыг өрийг Засгийн газар “Хуралдай” бонд гаргаж төлөхөөр болжээ. Энэ бондыг яаж босгосон бэ?
-Засгийн газар долоон жилийн хугцаатай, жилийн 7.625 хүүтэй бонд гаргасан. Ингэснээр гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларын асуудлыг шийдлээ.. Бид хоёр бонд гаргасан. Үүний 82 хувь нь Хөгжлийн банкны бонд эзэмшиж байсан хүмүүсийнх. Үүнийг Засгийн газрын бондоор сольж авсан. Үлдсэн 18 хувьд нь 124 сая ам.доллар. Шинэ бонд гаргахад 3.3 тэрбум ам.доллар нь гаргасан.
-Хүү нь арай өндөр биш үү?
-Аль өнцгөөс нь харахаас шалтгаална. Түрүүчийн Засгийн газрын үед 10.825 байсан. Үүнтэй харьцуулахад бага. Чингис бондын хүү 4.125 байсан. Үүнтэй харьцуулахад өндөр. Манайх анх “Чингис” бондыг гаргаж байхад нийт өрийн хэмжээ 28-хан хувьтай байсан.
-Нийт өрийн хэмжээ хэд болон бэ?
-100 хувь хол давсан. Түрүүчийн Засгийн үед энэ өрийг тавьсан. Манай Засгийн үед нэмж өр тавиагүй.
-Одоо төлөх бондын өр өмнөх танай намын Засгийн үед тавьсан биз дээ?
-Хөгжлийн банкны төлөгдөөгүй 580 сая ам.долларын бондыг тухайн үед МАН УИХ-д олонх байх үед Сү.Батболдын Засгийн газрын авсан зээл. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Сү.Батболдын Засгийн газраас Н.Алтанхуягийн Засгийн газарт шилжих мөчид энэ мөнгөнөөс нэг ч цент зарцуулалгүй хүлээлгэж өгч байсан.
-Бонд зээл гэж явах уу, өр гэж явах уу?
-Үүнд үгээр тоглоод хэрэггүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өр гээд ийм ийм зүйлийг оруулна гэж бичсэн байдаг. Эргэн төлөх нөхцөлтэй бол хариуцлагаа хүлээгээд явна.
-Засгийн газар бонд босгоод өрөө төлчихөж байгаа болохоор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй байсан ч яах вэ гэсэн хандлага танай бүлгийн зарим гишүүдэд байсан.
-Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байгаа. Гэхдээ ОУВС-тай эцэслэн тохирсон. Засгийн газраа дэмжээд явах байх.
-Төсвийн тодотголоор ургал зардлыг танахаар тооцоолсон уу?
-Танагдаагүй.
-Тэгвэл нэмэгдсэн үү, зардал?
-Төсөв дээр нэмэгдсэн зүйлгүй.
-Татварыг заавал нэмэх шаардлагатай юу? ОУВС болзол тулгадгаас санал тавьдаггүй гэж АН-ын бүлэг мэдээлсэн.
-Тодорхой 7 төрлийн татвар нэмэхээр байгаа. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгээс татвар авах байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын нэгэн болгож урагшуулах шийдвэр гарсан.
-Хадгаламжийн хүүнээс татвар авахад тодорхой хязгаарлалт хийх үү?
-Ямар нэг хязгаарлалт хийхгүй. Орлого зарлагын баланс алдагдсан байна. Бусад улс оронд орлого зарлага нь тэнцүү байдаг. Орлогоосоо зарлага нь даваад байхаар өрийн таазаасаа даваад явчихаж байгаа юм. ОУВС-гаас зорилтот хөтөлбөрөө нийгмийн халамжид чиглүүл гэж байгаа. Тиймээс “Цалинтай ээж”, Насны хишиг” хэрэгжээд явж байна. Хүүхдийн мөнгийг 60 хувьд биш 40 хувь болох зорилтот бүлэгт өг. Үлдсэн 20 хувийг нь буцаагаад эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоолны талон болгож олго гэж байгаа.
-Тэгэхээр эмзэг бүлгийн 40 хувийн хүүхдэд мөнгө олгоод, дахиад хоолны талон өгөх юм уу?
-Тэгж ойлгож болно.
-Шатахууны онцгой албан татварыг нэмэхээр импортлогч нар бензиний үнээ нэмчихнэ. Үүнийг дагаад манайд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Энэ эрсдлийг хэрхэн тооцсон бэ?
-Тийм эрсдэл байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсчихлөө. Тэгэхээр уул уурхайн компаниудын татварыг нэмэх шаардлагатай юу?
-Гэхдээ энгийн иргэдэд ачаалал нь ирнэ шүү дээ?
-Долоон сарын нэгнээс л шатахууны онцгой албан татвар нэмэгдэнэ. Бусад улс оронд онцгой албан татвар нь ДНБ-ийхээ 8 хувь хүртэл өндөр байдаг. Гэтэл манайд 2 хувь ч хүрэхгүй байгаа шүү дээ.
-Долоон сарын нэгнээс хойш бүсээ чангалах нь ээ?
-Ер нь он дуустал хэсэг хугацаанд бүсээ чангалах бодлого барина. Оны төгсгөлд бүх салбар асуудал гайгүй болоод ирнэ. Валютын урсгал гайгүй болно. Энэ нь мэдрэгдэх байх. Энэ жил нэг тэрбум орчим ам.долларын төсвийн алдагдлыг ОУВС-гийн өөрийнх нь 2 хувиас доошгүй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Хамгийн гол нь өрийн тогтвортой байдлыг үүсгэх хэрэгтэй.
-Долоон төрлийн татвар нэмснээр төсөвт хичнээн төгрөгийн орлого бүрдэж байна вэ?
-Нийтдээ 400-500 тэрбум төгрөг орж ирэхээр байгаа. Гэхдээ гол нь УИХ төсвийн тодотголыг хэрхэн батлахаас хамаарна. Засгийн газар төслөө өргөн барьж байгаа.
-ОУВС-гаас төрийн албан хаагчдаа цөөлөх хэрэгтэй гэсэн санал тавьсан гэсэн. Засгийн газрын данхар бүтцийг багасгах болохгүй вэ?
-Тийм санал тавьсан. Бид эдийн засгийн хямралтай энэ үед хүмүүсийг ажилгүй болгохыг урьтал болгоогүй. Гэхдээ тэтгэвэрт гарсан хүний оронд дахиж хүн авахгүй. Харин боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа гэсэн дөрвөн салбарт хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүн ажилд авна гэж байгаа.
-Зардал танах талд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
-Улаанбаатар хотод том оврын автомашин унаж болохгүй гэж байгаа. 13 дэд сайд байгаа. Би хувьдаа дэд сайд байвал хэрэгтэй гэж боддог. Ер нь төсөвт байгууллагуудын зардал буурсаар байгаа. Цаашдаа төрийн албанд ажиллаж байж хүний амьдрал шийдэгдэх бус хувийн салбарт ажиллахыг чухалчлах бодлого барих хэрэгтэй.
-Эдийн засгийн өсөлт энэ жил улсын төсөвт 3 хувийн сэргэлттэй, ОУВС-гийнхаар 0 хувийн өсөлттэй гэж тооцсон. Яагаад зөрж байна вэ?
-ОУВС-гийнхаар -0.2 хувийн өсөлттэй байна гэж тооцсон. Аль аль талдаа болгоомжилж тооцсон.
-Энэ жил хөрөнгө оруулалт хэр орж ирэхээр байна вэ?
-Хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн төсөл нийлээд 1.1 их наяд төгрөг орж ирнэ.
-Хөрөнгө оруулагчдийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Намар хөрөнгө оруулагчдын хандлага хүнд байсан. Харин одоо шинэ Засаг байгуулагдаад санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож, нэгдмэл нэг төсөвтэй болж байгаа юм байна. Монгол Улс дампуурахгүй, санхүүгийн сахилга батыг бий болгохын тулд Засгийн газар нь хүчин чармайлт тавьж байгаа юм байна гэсэн мессэж хөрөнгө оруулагчдын дунд бий болсон. Хоёрдугаарт, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэдэг нь Монгол Улс санхүүгийн хувьд сахилга баттай болж байгааг бататгаж байна. Энэ хоёр зүйлээс шалтгаалаад манайд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.
-Манай зээлжих зэрэглэл буурсан байгаа. Үүнийг сайжруулж болох уу?
-Оны эцсээр зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Энэ нь бидний үйл ажиллагаанаас хамаарна. Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгох хэрэгтэй.
-Хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгийг хэрхэн зарцуулах вэ?
-440 сая ам.долларыг Монгол банкны валютын нөөцөнд авна. Үлдсэн мөнгийг 2017-2018 онд зарцуулна.
-Томоохон дэд бүтцүүдээ хөдөлгөхөд зарцуулж болоогүй юм уу?
-Тусдаа хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэгдээд явна. Жишээлбэл, төмөр замыг хөдөлгөхөд Турк улсаас 300 сая ам.доллар, Солонгос улс 3500 сая, БНХАУ-ын банкнаас 1 тэрбумын зээл авна. Жил жилд өрийн хэмжээндээ тааруулж, авч ашиглана. Эргэн төлөх хугацаа нь 20 жилээс дээшээ байдаг.
-Том төслүүдээ хэзээ хөдөлгөх вэ?
-Эдийн засгийн 3 хувийн өсөлтийг бий болгохын тулд Тавантолгой төмөр зам, цахилгаан станцтайгаа, Гацуурт, ДЦС зэрэг таван том төслийг тооцож төсөвт оруулсан. Энэ удаад төсвийн тодотголоор ганцхан Гацууртыг тооцсон. Бусдыг 2018 онд эхлүүлнэ.
-Хятадаас авах зээлийн хэлэлцээр үргэлжлэх үү?
-БНХАУ-тай харилцаа гайгүй зөөлөрч байгаа. Хятадын ардын банк сая своптын гэрээгээ сунгасан. ОУВС-гийн сангийн хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-аас авах зээлийг багтаагаагүй.
-ОУВС-гийн хөтөлбөрт олон удаа хамрагдах нь тухайн улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн. Манайх олон удаа хамрагдаж байна.
-Манайх энэ хөтөлбөрт 6 дахь удаагаа хамрагдаж байна. Ер нь хамрагдахгүйгээр, эдийн засгаа өөрсдөө аваад явчихвал сайн. Даанч өнөөдөр бид сонголтгүй байна.
-ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Матье-ийг таны найз. Найзыгаа дагуулаад ирлээ гэсэн. Энэ талаар?
-Матье бол хуучин танил. МАН-ын бүлгийг төлөөлөөд хэлэлцээрт их явдаг байсан. Энэ хүний хүчин чармайлт ОУВС-гийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд их.
-Татвар нэмж, цалинг нэмэхээргүй боллоо. Энэ нь МАН-ын сонгуулийн амлалтаасаа буцаж байна. Ингэснээр ирэх сонгуулиудад ч МАН-д сөргөөр нөлөөлөхгүй юу?
-Улсын эрх ашгийг нэгдүгээрт, намыг хоёрдугаарт тавихаас өөр аргагүй. Бид 2016 оны сонгуулиар амласан амлалтаа хэрэгжүүлэхэд асуудал тулгарч, улс орноо хямралаас гаргах үүрэг хүлээж байна.
-Энэ онд эерэг дохио өгөх ямар салбарууд байна вэ?
-Нэмүү өртөг бий болгодог салбаруудаа түлхүү анхаарна. Төрийн зардлаа нэмэгдүүлэхгүй байя гэсэн бодлогыг Засгийн газар барьж байгаа.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ