Хоргодох байрын тоог нэмэгдүүлж, 33 болгожээ

img

Гэрэл зургийг mpa.mn

 

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

 

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

 

Тиймээс Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу өнөөдөр орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэж байна.

 

Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Тусгаар тогтнолын талбайд газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулав.

 

Энэ үеэр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү болон Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөллүүд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

 

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү “Газар хөдлөлтийн үед иргэдийг хамгаалахад түр хоргодох байр нэн түрүүнд шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ талд анхаарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд 22 түр хоргодох байр байсныг 11-ээр нэмэгдүүлсэн. Газар хөдлөлтийн үед цуглах 40 цэгийг тодорхой болгосон. Энэ байрлалуудыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мэдээж газар хөдлөх ч юм уу гамшиг тохиолдсон үед иргэд мэдлэгтэй байх ёстой. Тэднийг сургах, дадлагажуулах талд анхаарч Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтраад “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлээд явж байна. Одоогоор 1000 гаруй иргэнийг сургалтад хамруулсан. Цаашид энэ сургалтад иргэдийг өргөн цар хүрээгээр хамруулах болно. Мөн уг төслийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник, тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжиж байгаа холбогдох газарт хүлээлгэн өглөө” гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irged:
osol avaariin ued hun am haana boonoor tsuglarah veee, hotiin toviin hun am haana haana boonoor tsuglarah vee, buh talbaig gazriin zurag deer zaana uuuuuuuu
2017-03-28
B.Dulamjab.:
Horgodoh bair haana haana baidgiig meddeg hun baihgui shu de.todorhoi baidlaar telebizeer hurteemjtei yarij heleech.Ontsgoi baidlin medeellin tusgai tsagiig medeeleld oruulj ogmoor bnaa.
2017-03-22