Автобусны жолоочийг ч бас ухаалаг болго

Нийслэлчүүд ирэх бямба гаригаас автобусанд зөвхөн цахим картаар үйлчлүүлнэ. Тэгэхээр “Таван зуун төгрөг байвал өгөөч” гэдэг үгийг дахин сонсож, мянгатын дэвсгэртийг нааш цааш дамжуулахгүй болно гэхээр улсын нийтийн тээвэр улам л “ухаажих нь”.
Гэнэт ийм шийдвэр гаргах болсон тухайгаа албаныхан, автобусны жолоочид нийтийн тээврийн орлогоос “хумсалдаг”, иргэд уранхай, тасархай, дутуу мөнгө хийж үйлчлүүлдгээс улбаалан нийтийн тээврийн өдрийн орлого 23 хувийн алдагдалд орж байна гэж тайлбарласан. Орлогоо бодоод ийм гэнэтийн шийдвэр гаргасан юм байж. Гэвч иргэд автобусанд зөвхөн картаар үйлчлүүлэх боломж, нөхцөлийг нь Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хангаж өгч чадсан бил үү. Жилдээ цагаан сараар, эсвэл оюутан хүүхдээ төвхнүүлэхээр Улаанбаатар хотод хөл тавьдаг хөдөөгийн иргэд яахав?
Карт цэнэглэх цэгүүдэд хоёр хувийн урамшуулал олгоно
Дээрхи хоёр байгууллагын зүгээс гэнэт гаргасан дээрхи шийдвэртээ зориулж “хөөрхөн” хэдэн хөнгөлөлтийг иргэдэд үзүүлэх юм байна. Тухайлбал нийтийн тээвэрт үйлчлүүлэхдээ ашигладаг “U money” картаа 3600 төгрөгөөр худалдаалдаг бол 2000 болгон хямдруулна. Мөн 20 мянган ширхэг картын хотын захын бүсийн оршин суугчдад үнэгүй тараана, карт цэнэглэдэг цэгийн тоог нэмэгдүүлнэ гэнэ.
2015 оны намар “смарт” үйлчилгээ нэвтрүүлж буйгаа зарлаж, “U money” гэсэн ягаан бичиг бүхий ТҮЦ, дэлгүүрт өнөө “ухаалаг” картыг нь төвөггүй цэнэглэнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан. Гэтэл өнөөдөр карт борлуулдаг цэгүүдийн ихэнхи нь “Мөнгө дууссан”, “Карт цэнэглэхгүй” гэдэг тайлбарыг хэлж иргэдийг хоосон буцаадаг нь үнэн. Тэр дундаа захын гэр хорооллын карт цэнэглэх цэгүүдээс ийм хариу сонсох нь олонтаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 449 цэг иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгвэл ирэх сарын 1-нээс энэ тоог 31-ээр нэмж 480 болгохоор ажиллаж байгаа тухай “Улаанбаатар смарт карт” ХХК-иас мэдээлсэн. Тоог нь нэмлээ гээд карт цэнэглэгчид “Мөнгө дууссан” гэх тайлбарыг хэлэхээ байчихгүй биз. Тиймээс дээрхи компанийн зүгээс тэдэнд өглөө 06.00, орой 19.00 цагаас хойш ажиллаж, карт цэнэглэвэл хоёр хувийн урамшуулал олгохоор болжээ.
Хөдөөнийхөн ч автобусанд картаар үйлчлүүлнэ
Дараагийн нэг асуудал бол жилдээ ганц нэгхэн удаа Нийслэлд орж ирдэг хөдөөгийн иргэд ч ирээд буцахын хооронд заавал карт авч нийтийн тээвэрт үйлчлүүлэх шаардлагатай болох нь. Үгүй бол явган алхах эсхүл 800-1000 төгрөгөөр таксидахаас өөр замгүй. Үүнийг шийдсэн журмыг холбогдох байгууллагууд гаргажээ.
Нийслэлд түр ирж байгаа орон нутгийн иргэд тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдаж авах юм байна. Уг картаа өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлээд нутаг буцахдаа карт худалдан авсан цэгтээ буцаан өгч, 3600 төгрөгөө авах юм байна.
Түүнчлэн, сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25 мянга, хүүхэд найман мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой болох аж. Тус картыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “хэрэглэгчийн төв” болон “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав, Драгон, Мишээл салбаруудаас худалдан авах аж.
Ийм хөнгөлөлт санал болгож, төгрөгийг гүйлгээнээс хаслаа. Одоо харин карт цэнэглэдэг цэгүүд нь элдэв тайлбар хэлж иргэдийг хоосон буцаахгүй, улс, компанийн өдрийн орлого нь ашиг олж сүйд хийхгүй юм гэхэд балансаа барьж, иргэн, компани, улс гуравт хэн хэнд нь ашигтай, хэрэгтэй шийдвэр байгаасай гэж найдах л үлдлээ.
Жолоочоо ёсзүйд сургах нь зөв
Хоёр жилийн өмнө нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем, бэлэн мөнгөний хайрцгийг манай улс үнэгүй нэвтрүүлээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэхэд Сөүл хотын “Korea smart card” компаниас 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ мөнгийг өдөр тутмын орлогоор 4.8-6 жилийн хугацаанд төлж дуусахаар тохиролцож байв. Өр нь дуусаагүй байтал өнөө хэдэн хайрцгаа авч “хаяхаар” боллоо.
Ингэж өр, зээл тавин байж, нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлж, төлбөр төлөлтийг цахим системд шилжүүлсэн л гэдэг. Үнэндээ юу ухаалаг болсон юм бэ. Ухаалаг систем нэвтрүүлсэн өнгөрсөн жилүүдэд автобуснууд арилгасан “сонгино” шиг болчихоогүй юмдаг. Яг л янзаараа утаагаа саагиулсаар, осол аваар гаргасаар л байна. Тэгэхээр жолоочийг ч бас ухаалаг болгох нь зүй.
Ийм байдлаар жил бүр л нийтийн тээврийг “Улам ухаалаг болгоно”, “Төсөл хэрэгжүүлнэ” л гэдэг. 2017 оныг “Иргэдийн оролцоотой хяналтыг сайжруулах жил” болгон зарласан. Гэвч том тоотой төсөл ярьж, иргэдийг гэнэтийн шийдвэрээр “дарлах”-ын оронд мөнгийг нь хумслаад байгаа жолооч, тэднийг журамлаж чадаагүй автобус баазаа сахилга баттай болговол дээр байлаа. Юм л бол иргэдийн нуруунд “ачаа” нэмэх бодлого барьж ажилладаг нь хэр зөв юм бол.
Автобусанд зөвхөн картаар үйлчлүүлнэ гэхээр иргэд эхэндээ эв дүйгээ олохгүй хэсэг будилах л байх. Сурчихна даа. Харин бэлэн мөнгөний хайрцгийг авч хаяснаар улсын нийтийн тээврийн доголдол “ухаажих” болов уу.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ