Газрын үнэлгээг шинэчлэн тогтоохыг шаардав

img

Засгийн газраас төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байна. Төсвийн тодотголд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг уртасгах саналыг оруулсан.Үүнийг эсэргүүцэж “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас мэдээлэл хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүллээ.

 

Дэлхийн ихэнхи хотын Засгийн газар нийт төсвийнхөө 20-50 хувийг газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой орлогоос бүрдүүлдэг байна. Гэтэл Улаанбаатар хотын төсвийн 8 хувийг газрын төлбөрөөс олж буй бол Монгол Улсын нийт төсвийн 1.8 хувийг газрын төлбөрөөс олж байна. Харин нийт төсвийн орлогын 50 гаруй хувийг цалин, хүн амын орлогын албан татвар хэлбэрээр олж байгаа тухай судалгааг “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас танилцууллаа.

 

Тус ТББ-ын тэргүүн Н.Туяа хэлэхдээ “Монгол улсын төсөв бүрдүүлэлт маш буруу загвараар явж ирсэн. Энэ удаад ч мөнгө олохын тулд бодлого судалгаагүй асуудал дэвшүүлж байгааг иргэд хүлээн авч чадахгүй байна. Өнөөдөр монгол улсад иргэн нь хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх боломжийг үргэлж хумиж байна. Гэтэл төсвийн ихэнхи хувийг бүрдүүлж болох байгалийн баялгийг цөөн хүн эзэмшдэг бөгөөд байгалийн баялгийг ашиглах талд дээр маш муу ажиллаж ирсэн.  Иймд хөдөлмөр эрхлэгчид  болон бизнес эрхлэгчдээс төсвийн ихэнхи хэсгийг бүрдүүлдэг нь буруу тогтолцоо юм.  Тиймээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг уртасгах замаар орлогоо нэмэгдүүлэх гэж буй шийдвэрийг эсэргүүцэж байна” хэмээлээ.

 

Улмаар дараах зургаан шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт хүргүүлж буй юм байна.

 

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг уртасгах, шатахууны болон автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх

 

  • Газрын тухай хуулийг хэрэгжүүлж, хууль бусаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, хуулийн дагуу дуудлага худалдаагаар худалдаж, орлогыг төсөвт төвлөрүүлэх, үр дүнг олон нийтэд мэдээлэх

 

  • Газрын үнэлгээг шинэчлэн тогтоож, индексжүүлэх

 

  • УУХҮЯ-наас сонгон шалгаруулалтаар 1.6 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа ажиллагааг хойшлуулах

 

  • Газрын болон баялгийн эрхийн үнэлгээг тогтоож, арилжааг татварт бүрэн хамруулах, орлогыг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах

 

  • Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд оффшор бүсэд байгаа их хэмжээний хөрөнгийг шалгаж, эх үүсвэр нь батлагдаагүй хөрөнгийг эх оронд нь авчрах ажлыг нэн даруй зохион байгуулах зэрэг шаардлагыг хүргүүллээ.

 

Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Газрын үнэлгээг тогтоосон байдаг. Үүнээс хойш 20 жилийн хугацаанд огт индексжүүлэлгүй нь төсвийг алдагдалд оруулахад хүргэсэн тухай судалгааг дээрхи төрийн бус байгууллагаас гаргажээ.

 

Уг судалгаанд 1997 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12 мянган төгрөг, улсын төсвийн орлого 200 тэрбум төгрөг байсан. Харин 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга, улсын төсвийн орлого 6 их наяд төгрөг болж 20-30 дахин нэмэгдсэн байна. Гэтэл газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны түвшинд байгаагаас харахад улсын төсөв жил бүр 1,8 их наяд төгрөгийн орлогоо алдаж буйг дурьдсан байна. Иймд Засгийн газраас газрын үнэлгээг нэн даруй шинэчлэн тогтоох шаардлагатай гэж үзжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ