Ядуусын тоо нэмэгдвэл гайхах зүйлгүй

Өрхийн амьжиргааг тогтоох судалгааны үр дүн үнэн зөв гарах уу
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг гуравдугаар сарын 31-нээс эхэлсэн. Нийт 4.5 тэрбум төгрөгийн зардалтай энэ судалгаагаар 600 мянган айл өрхийн мэдээллийн санг шинэчлэх юм байна.
Харин судалгааны үр дүн үнэн зөв гарах эсэх нь эргэлзээтэй. Нэгдсэн судалгааг эхлэхээс өмнө хийсэн туршилтын судалгааны үр дүн лав бодит байдлаас зөрүүтэй гарч. Туршилтын судалгааг 14 мянган өрхөд хийхэд 44 хувь нь хуурамч мэдээлэл өгсөн байна. Судалгааг авсны дараа өрхийн мэдээллийг мэдээллийн санд оруулахдаа улсад байгаа өмч хөрөнгийн, иргэний бүртгэлийн, газар өмчлөлийн, тээврийн хэрэгслийн, банк санхүүгийн зэрэг олон төрлийн бүртгэлтэй тулгадаг. Харин энэ тулгалтын үр дүнгээр иргэд эд хөрөнгөө нуужээ. Яг л “Морьтой ч болоосой” кинон дээр Ханд гуай “Ямар олигтойдоо хоёр шараа голын бургасанд нууж байхав дээ” хэмээн үглэж, үхрээ нуудаг шиг. Наанадаж л, 40 инчийн зурагтаа 32 хэмээн бүртгүүлж, будаа агшаагчаа ухаалаг бус гэж мэдүүлсэн бололтой.
Иргэд худлаа мэдээлэл өгч байгаагийн шалтгаан тодорхой. Өмнөх судалгаагаар долоон булчирхайгаа тооцсоноос төрийн хайр халамжийн гадна үлдсэн айл өрх цөөнгүй. Тиймээс энэ удаагийн судалгаанд хашир хандах нь мэдээж. Хөдөлмөрлөж, татвараа төлж байгаа иргэд төрийн халамж, үйлчилгээг ялгаваргүйгээр хүртэх эрхтэй. Энэ эрхээ эдлэхэд нь цахилгаан бараа, эд хогшлыг нь тоолдог судалгаа нөлөөлдөг нь бас л сонин бодлого. Үнэн хэрэгтээ хүүхдийн мөнгө бол талхны үнэ бус хүн амыг өсгөхөд төрөөс үзүүлж буй дэмжлэгийн нэг хэлбэр. Харин энэ дэмжлэг ялгавартай байгаа нь ойлгомжгүй.
Өмнөх судалгаагаар угаалгын машин, компьютер, нимгэн дэлгэцтэй зурагттай байснаараа “баян”-д тооцогдож, хүүхэд нь сарын 20 мянган төгрөгөөс хасагдсан айл өрх олон бий. Улсын хэмжээнд нийт 400 мянган хүүхэд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнд төрийн халамжаас хасагдсан. Тэдний мөнгийг 2019 оноос олгоно гэж байсан ч ОУВС-ын шаардлагаар өгөхөөргүй болсон сураг бий.
Гурван жилийн өмнө хийсэн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнгээс харвал энэ судалгаа иргэдийг талцуулах, төр иргэнээ ялгаварлахын үндэс суурь аж. Уг нь төрөөс хэрэгжүүлэх бүх үйл ажиллагааг иргэдэд хүргэхийн тулд энэ судалгааг хийдэг. Гэвч судалгааны үр дүн зорилгодоо хүрдэггүй. Тиймээс ч иргэд худал мэдээлэл өгч, төрийг хуураад эхэлжээ.
Судалгааны үр дүн үнэн зөв, зарцуулж буй 4.5 тэрбум төгрөгийн үр ашиг бодитоор гарах эсэх нь эргэлзээтэй л байна. Энэ судалгаанаас ядуусын тоо нэмэгдсэн дүн гарвал гайхах зүйлгүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ