М.Сарантуяа: Ганцхан багш дохионы хэлээр хичээлээ заадаг

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд сургуулийнхаа гадна талбайд жагсаал зохион байгуулж, хичээл хаялт зарласан. Тэд эл үйлдлээрээ багш нарынхаа дохионы хэлний чадварыг сайжруулахыг хүссэн. Тус сургуульд дохионы хэлээр нэг л багш хичээлээ заадаг гэнэ. Тэр нь М.Сарантуяа багш. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-29 дүгээр сургуульд дохионы хэлний хичнээн багш ажилладаг вэ?
-Дохионы хэлний нэг л багш ажилладаг. Учир нь хичээлийн хөтөлбөрт 4-12 дугаар ангиудад дохио хичээл орохоор тусгагдсан байдаг. Энэ хичээлийг долоо хоногт нэг цаг орно гэж хичээлийн хөтөлбөрт заасан учраас нэг багшийн л орон тоо байдаг.
-Нэг багш нь та юу?
-Тийм ээ. Манай сургуульд ЕБС-д заадаг 17-18 хичээл ордог. Миний хувьд монгол хэлний хичээлийг дохионы хэлээр заадаг. Одоогоор манай сургуульд дохионы хэлний хичээл зааж байгаа нэг л багш байна. Бусад багш нар нь дохионы хэлний чадвараа дээшлүүлж байж мэргэшсэн хичээлээ заана. Багш нар дохионы хэлд суралцъя гэхээр манай монголд боломж нь бүрдээгүй байна.
-Тэгэхээр бусад хичээлийн багш нар хичээлээ дохионы хэлээр заадаггүй гэсэн үг үү?
-Манай сургуульд 2002 оны хичээлийн жилээс дохионы хэлийг хичээлийн хөтөлбөрт оруулан зааж эхэлсэн.Багш нар маань бүх үгийг дохих гэхээр манай монголын дохионы хэлний хөгжил тэр түвшинд хүртэл хөгжөөгүй, хичээлийг дохиогоор заах боломж нь бүрдээгүй байна. Гэвч монголын дохионы хэлний одоогийн байгаа түвшин шинжлэх ухааны нэр томъёог бүрэн хэмжээнд орчуулж өгөхүйц хэмжээн хөгжиж амжаагүй байна. Манай улсад дохионы хэл үүсээд 20 жил болж байгаа. Гэтэл Европын улс орны дохионы хэл 400 жилийн настай. АНУ-ын дохионы хэл гэхэд 350 жилийн настай байна. Тэгэхээр энэ нь цаг хугацааны болон бэлтгэгдсэн боловсон хүчний асуудал юм.
-Сурагчид багш нар дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг гэсэн. Энэ үнэн байх нь ээ?
-Үнэн. Туршлагатай олон жил ажилласан багш нар маань сүүлийн гурван жил олноор тэтгэвэрт гарчихсан. Тэгэхээр сүүлийн гурван жилд залуу багш нар л орж ирсэн.
-Танай сургуульд багшлахаар очиж буй залуучууд дохионы хэлд суралцсан байдаг уу? Ажилд авахдаа энэ шаардлагыг тавьдаг уу?
-1980-1990 онд манай улс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд асар анхаарч, тэдэнд хичээл заах багш нарыг ч бэлтгэж байсан юм билээ. Хамгийн сүүлд манай сургуульд 2002 онд боловсон хүчин бэлтгэгдэж ирсэн. Үүнээс хойш 15 жил болоход мэргэжлийн согог зүйч багш ирээгүй. Багшлах эрхийн шалгалтад тэнцсэн, дээд боловсролын сургууль төгссөн багш нарыг авч ажлуулж байна. Гэхдээ тэдгээр хүмүүсийг манай сургуульд ажиллахаар ирсэн даруйд нь дохионы хэлийг заадаг.
-Боловсролын яамнаас багш нарыг хувиарладаггүй юм уу?
-Яамнаас чиглэл өгдөг. Чиглэлийн дагуу Сүхбаатар дүүрэгт зарлагдсан ажлын байрны нээлттэй шалгаруулалтаар шалгаж авдаг. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй ажиллах хүн нөр их хөдөлөмөрч, сэтгэлийн тэнхээтэй, сэтгэл гаргаж ажиллах ёстой байдаг. Тэр бүгдийг нь харж ажилд авдаг.
-Монголд дохионы хэлээр бэлтгэгдсэн хичнээн багш байдаг вэ?
-Монгол Улсад дохионы хэлний мэргэжлээр бэлтгэгдэж төгссөн хоёр боловсон хүчин байсан. Тэр хоёр хүний нэг нь бурхан болсон. Харин нөгөө нь 1990-ээд оны үед мэргэжлээ сольсон байдаг. Үүнээс хойш Монгол Улсад зорилготойгоор бэлтгэгдсэн дохионы хэлний мэргэжилтэн байхгүй байна. Хоёр хүн л зөвхөн зургаан сарын хугацаанд бэлтгэгдсэн байдаг. Энэ хоёр хүний нэг нь төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Нөгөө нь манай сургуульд багшилж байгаа.
-Дохионы хэлийг эх орондоо хөгжүүлэхийн тулд таныхаар юу шаардлагатай байна вэ?
-Боловсролын яамнаас дохионы хэлний баг ажлуулах шаардлагатай байгаа юм. Салбар салбарын сонсголгүй хүүхдүүдтэй ажилладаг хүмүүсийг хамтран ажлуулах нь зөв. Ядаж би ч болтугай монгол хэлний багш нарт дохионы хэлийг зааж зөвлөмөөр байна.
-Таны хувьд дохионы хэлийг хэрхэн эзэмшсэн бэ?
-Би МУБИС-д дохионы хэлийг эзэмшсэн. Тэр үед Монголын дүлий иргэдийн нийгэмлэгийн орчуулагч Эрдэнэбилэг гэдэг хүнээр дохионы хэлийг заалгасан. Тэгээд 1987 онд анх 29 дүгээр сургууль багшилж эхэлсэн. Энэ сургуульд 30 жил ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар МҮОНТ-д дохиж байсан ч ажлын ачааллаас болоод болчихсон.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ