Олимпийн эрх авчирсан нэг оноо
Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотноо явагдаж буй боксын ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд болно. Өчигдөр олимпийн эрхийн төлөө тулалдах даваанд манай гарын таван хуруу шиг таван боксчин үлдээд байсан билээ. Бүгд л урамтай сайхан тулалдаж ялалтын цувралыг түүчээлсээр энэ хүрсэн. Манай боксчдын салхийг хагалж Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба Колумбын боксчинтой Бакугийн рингэнд гарсан. Тэрбээр сайн боксчинтой тун ширүүн тулалдаж эцсийн мөчид нэг оноогоор илүү гарч ялалтын буухиаг үргэлжлүүлсэн билээ. Бокст нэг оноо илүү бол мянган оноо илүү гэсэн үг байдаг. Тэр ёсоор манай боксчны ганц оноо түүнд дараа жилийн олимод оролцох эрхийг нь авчирлаа. Залгуулаад МУГТ У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөгч Ираны боксчинтой тулалдсан. Энэ тулаанд манай ширэн бээлийтэн илүү байлаа. Гялалзтал тоглолт 24:9-өөр ялсан түүнийг Гайдар Алиевын спорт цогцолборт хуран цугласан бүгд өөрийн эрхгүй дэмжиж байлаа. Түүний тоглолтыг илт давуу гэхээс боксын гайхамшгийг харуулсан тоглолт хэмээх нь зүйтэй болов уу. Ингэснээр манай улс боксоор хоёр олимпийн эрхтэй болсон юм. Дашрамд дурдахад манай боксчид Бакугийн рингэнд санаандгүй ч гэмээр хөгжөөн дэмжигчид сайтай байна. Тэмцээний эхний тойргуудад манай боксчдоос хоёр ч удаа Армяны боксчинтой таарч тулалдсан билээ. Энэ үед азербайжанчууд “Монголия” хэмээн манай тамирчдыг уухайлан дэмжиж байсан. Учир нь Армян, Азербайжан улсын ард түмнүүд эртнээс нааш түүхэндээ газар нутаг, улстөрийн маргаантай асуудлууд ихтэй, дайн байлдаанд хүрч байсан улсууд гэнэ. Тиймээс ч энэ спортод хүртэл илрэн гарч Армяны боксчинтой манай тамирчдыг тулалдахад гэнэтийн гэмээр сюрприж барьж байсан аж. Ер нь бусад тоглолт дээр ч манай боксчид гадны хөгжөөн дэмжигчидтэй байсан. Харин өчигдөр Н.Төгсцогтын тулаан дээр байдал эсрэгээрээ байлаа. Учир нь гавьяат маань Азербайжаны боксчинтой олимпийн эрхийн төлөө тулалдсан юм. Азербайжаны боксчин Элвин Мамишзадег нутгийн дэвжээ түшсэн үү эсхүл шүүгчийн зүгээс манай тамирчинд оноо өгөхдөө харам байв уу 17:14-өөр энэ тоглолтод ялсан билээ. Н.Төгсцогтод оноо авчрах ёстой байсан хэд хэдэн цохилт агаарт замхарснаар манай ялалт нутгийн боксчны талд эргэсэн. Мөн ОУХМ Д.Отгондалай өчигдөр Ирландын боксчин, 2009 оны дэлхийн аваргын хүрэл медальт Жон Жое Невинтэй ширүүн тулалдаж оноо тэнцэн шүүгчдийн саналаар ялалтыг Ирландын боксчинд өгсөн. Харин манай боксчдоос хамгийн сүүлд тулалдсан 60 кг-ын жингийн өрсөлдөгч Б.Жавхлан Казахстаны боксчин Гани Жайалауовт 15:19 (3:7, 7:6, 5:6) харьцаагаар ялагдсанаар дэлхийн аваргыг орхилоо. Өнөөдрийн хувьд медалийн төлөөх ширүүн тулаанууд өрнөнө. Тэдний дунд монголчуудын найдлагыг тээн үлдээд буй П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар тулалдах юм. П.Сэрдамбын хувьд Кубын боксчин Йосвани Веита Сототой тулалдана. Кубын боксчны хувьд өчигдөр өрсөлдөгч Японыг ялж гарч ирсэн. Харин У.Мөнх-Эрдэнэ Италийн Винченцо Мангиакапретай тулалдана. О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ