Будаа агшаагчгүй айлд хүүхдийн МӨНГӨ өгнө

Оройн цагаар хаалга тогшсон хүн Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг авч яваа нэгэн гэнэ. Уламжлал ёсоор овог нэр, нас, хүйс, ажил, ам бүлийн тоо асууж байна. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй юу, байр өөрийнх үү, өрөөлийнх үү гэхчлэнгээр үргэлжлэв. Бас ачааны, суудлын машин, трактортай юу гэж асуулаа. Эцэс нь эдгээр цахилгаан бараа танайд байна уу хэмээн хөргөгч, печь, угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагч сурагласнаар гарын үсэг зуруулаад судалгаа дуусчихав. Миний амьжиргааны түвшинг тодорхойлох гол зүйл болох ЦАЛИНГ маань асуусангүй. Сард хэдэн төгрөгийн орлоготойгоор бус будаа агшаагч, хөргөгч, тоос сорогчоор амьжиргааг маань тодорхойлж орхив.
Байртай тэрэн дотроо будаа агшаагч, тоос сорогч, зурагт, хөргөгчтэй учраас бодвол баячуудын тоонд орсон биз. Гэхдээ зурагч, хөргөгчөө лизингээр авч, будаа агшаагч бэлгэнд ирсэн бол яах уу. Ер нь бол танайх будаа агшаагчтай юу гэдгийг тодруулахын тулд судалгаа хийж, төсвийн 4.5 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа аж.
Мөн судалгааны асуултад “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгч байгааг та дэмжиж байна уу” гэсэн асуулт бий. Будаа агшаагч, хөргөгч, угаалгын машинтай гэж хөрөнгөтнүүдийн тоонд багтчихаад дэмжихгүй гэлтэй нь биш. Авах ёстой хүмүүс нь авна биз гээд нэр харчихлаа. Үнэндээ хүүхдийн 20 мянган төгрөгийг талхны үнэ төлөх халамж биш хүн амыг өсгөх төрийн бодлого гэж боддог. Гэвч яах аргагүй төрийн халамж юм байна. Тэр халамж нь төсвийн тодотголоор бүр нарийсч, хүүхдийн мөнгө авч байсан 60 хувийг 40 болгон бууруулахаар ярьж байна. Хасагдсан 20 хувийн мөнгийг хүнсний талон болон халамж авах 40 хувийг тэжээхээр төсвийн тодотголд тусгаад буй. Тэгэхээр иргэд будаа агшаагч, хөргөгч, угаалгын машин, зурагт байхгүй гэж судалгааг бөглөвөл хүүхдийн мөнгийг, хүнсний талонтай авах боломжтой.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг гурван жил тутамд хийдэг гэнэ. Төрийн үйлчилгээ, халамжийг хүртэх ёстой хэсэгт нь хүргэхийн тулд энэ судалгааг хийдэг аж. Би будаа агшаагчтай атлаа тийм зүйл байхгүй гээд хэлчихвэл будаагаа тогоондоо агшаадаг айл нь төрийн халамжаас үлдэх эрсдэлтэй учраас үнэн зөв мэдүүлэх учиртай гэнэ лээ.
Будаа агшаагч, хөргөгчөөр амьжиргааны түвшинг тодорхойлж байгаа төрийг өрөвдмөөр ч юм шиг. Сарын 200 мянган төгрөгийн цалинтай хүн ч бусад хэрэгцээгээ зохицуулж байгаад 30 мянган төгрөгөөр хятад будаа агшаагч авчихна даа. Урдах, хойдохоо танан байж авсан хэрэглээ нь амьжиргааныг нь илтгэх хэрэгсэл болно гэж хэн бодох билээ. Гадаад дотоод өрөндөө баригдсан, данс улайсан хэмээн гадны байгууллагын царайчлахын тулд иргэдээ ингэтэл нь доош нь хийх ёстой гэж үү.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ