Багш нарын чадвар муугаас сурагчид хичээлээ ойлгодоггүй

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургууль дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БСШУС-ын сайдын тушаалаар тус сургууль дээр ажлын хэсэг байгуулагдан долоо хоногийн хугацаанд ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтийг БСШУС-ын яамны боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Мөнхбаатар нар танилцууллаа.
Тусгай сургуулийн сурагчид өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд сургуулийнхаа гадна талбайд жагсаал зохион байгуулж, хичээл хаялт зарласан. Тэд эл үйлдлээрээ багш нарынхаа дохионы хэлний чадварыг сайжруулахыг хүссэн юм.
Ажлын хэсгийн баг тус сургуулийн нийт 51 багшаас дохионы хэлний чадварын сорилго авсан байна. Нийт багш нарын 94 хувь нь үсгээр дохиж харилцах бүрэн хэмжээний чадвартай болохыг тогтоожээ. Энэ нь анхдагч түвшний дохионы хэлний чадварын шалгалт аж. Харин мэргэлжийн хичээл заадаг 21 багшаас дохионы хэлний 5 түвшний шалгалт авахад 44 хувь нь хангалттай, 50 гаруй хувь нь дохионы хэлний мэргэжлийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гарчээ.
Иймд сурагчдын хүсэлт нь үндэслэлтэй бөгөөд багш нарын дохионы хэлний ур чадвар муу байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодоггүй. Улмаар багш сурагчдын хооронд үл ойлголцол үүсэх хандлага байгаа хэмээн үзэж, ажлын хэсгээс тус сургуулийн нийт багш нарыг дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг үүрэг болгожээ. Цаашид МУБИС болон багшийн мэргэжил дээшлүүлэх институттай хамтран түвшин тогтоох нарийвчилсан шалгалтыг зохион байгуулах ажээ.
Ажлын хэсэг сургуулийн үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох баримт бичиг, материалтай танилцах, багш сурагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцан тэднээс асуулга авах гэсэн үндсэн хоёр чиглэлээр ажиллажээ.
Тусгай хэрэгцээт боловсролын багшийг гадаад, дотоодод бэлтгэх, одоо ажиллаж байгаа багшийн мэргэлжийн хөгжлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, багш нарын дохионы хэлний ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, сургалт зохион байгуулах, суралцагчдад тохирох зарим хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагаар хангах ажлыг хөрөнгө оруулалтын 2018 оны бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Одоогоор тус сургуулийн сургалт хөгжлийн ажил хэвийн явагдаж, багш сурагч, эцэг эхийн дунд үл ойлголцол байхгүй болсон гэдгийг ажлын хэсгийнхэн мэдээллийн төгсгөлд онцлов.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ