Танай хүүхэд л ТЭНЭГ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

“...Манай охин 29 дүгээр тусгай сургуулийн гуравдугаар ангид сурдаг юм. Хичээлээ тарж ирээд гэрийн даалгавраа хийх гэхээрээ би багшийн заасныг огт ойлгоогүй гээд урвайгаад суучихдаг. Аргагүй шүү дээ сонсголгүй охин минь багшийнхаа дохиогоор биш амаар тайлбарласан хичээлийг яаж ойлгохов. Хүүхдийнхээ сурлага, цаашдын ирээдүйд нь санаа зовоод сургуулийн захиралд нь хэлэхээр “Танай хүүхэд чинь тэнэг болоод л юм сурахгүй байгаа” гэж хариулдаг” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ээж ярьсан юм.

 

Сонсголгүй сурагчдад боловсрол олгох улсын цорын ганц сургууль бол Нийслэлийн 29 дүгээр тусгай сургууль. Энэ сургуульд хүүхдээ сургадаг эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд байнгын санаа зовоостой явдаг юм билээ. Учир нь тус сургуулийг суралцан төгсөж буй хүүхдүүд бичиг, үсэг мэдэхгүй боловсрол нимгэн нийгэмд хөл тавьж байна.

 

Багш нар дохионы хэлний ур чадвар муутай болохыг БСШУСЯ-наас тус сургуульд ажилласан ажлын хэсгийнхэн баталсан.  Яамны мэргэжилтнүүд тус сургуулийн нийт 51 багшаас дохионы хэлний чадварын сорилго авчээ. Нийт багш нарын 94 хувь нь үсгээр дохиж харилцах бүрэн хэмжээний чадвартай болохыг тогтоожээ. Гэхдээ энэ нь анхдагч түвшний дохионы хэлний чадварын шалгалт. Харин мэргэжлийн хичээл заадаг 21 багшаас дохионы хэлний 5 түвшний шалгалт авахад 44 хувь нь хангалттай, 50 гаруй хувь нь дохионы хэлний мэргэжлийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан.

 

Уг сургуульд ЕБС-д заадаг 17-18 хичээл ордог. Үүнээс зөвхөн Монгол хэлний багш л хичээлээ дохионы хэлээр заадаг. Бусад багш нар нь хичээлийнхээ бүх үгийг дохиж заах гэхээр манай Монголын дохионы хэлний хөгжил тийм түвшинд хүртэл хөгжөөгүй, дохионы хэлээр хичээлийг заах шинжлэх ухааны үндэслэл байхгүй гэнэ. Тэгэхээр Монголд бүх хичээлийн нэр томъёог дохионы хэлээр орчуулах боломжгүй аж.

 

Манай улсад 1980-1990 онд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд асар анхаарч, тэдэнд хичээл заах багш нарыг ч бэлтгэж байсан юм билээ. Тухайн үед хоёр хүн дохионы хэлний мэргэжлээр бэлтгэгдэж төгсчээ. Тэр хоёрын нэг нь бурханы оронд одсон. Харин нөгөө нь 1990-ээд оны үед мэргэжлээ сольсон байдаг. Үүнээс хойш Монгол Улс зорилготойгоор бэлтгэгдсэн дохионы хэлний мэргэжилтэнгүй өнөөдрийг хүрчээ. 

 

Мөн улсын хэмжээнд зургаан сарын хугацаанд дохионы хэлэнд бэлтгэгдсэн хоёр хүн байдаг аж. Энэ хоёр хүний нэг нь төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа бол нөгөө нь 29 дүгээр сургуульд багшилдаг байна.

 

Одоо 29 дүгээр сургуульд хичээл заах багшийг ажилд авахдаа багшлах эрхийн шалгалтад тэнцсэн, дээд боловсролын сургууль төгссөн зэрэг шалгуур тавьдаг аж. Тэднийг ажилд авсан даруйдаа дохионы хэлийг зааж, олон удаагийн сургалт зохион байгуулж хичээл заахад нь бэлтгэдэг аж. 

 

Тус сургуульд олон жил ажилласан туршлагатай багш нар нь сүүлийн гурван жилийн хугацаанд олноор тэтгэвэрт гарчихсан. Тэдний оронд авсан багш нарын ихэнхи нь суралцаж яваа залуу багш нар учраас хүүдүүдэд дохионы хэлээр хичээлээ бүрэн дүүрэн ойлгуулж чаддаггүй байна. Дохионы хэлд суръя гэхээр манай монголд боломж нь бүрдээгүй гэдэг.

 

Боломж нь хэзээ бүрдэж, 29 дүгээр сургуулийн сурагчид бусдын адил эрдэмд шамдаж, ирээдүйд эх орондоо хувь нэмэр оруулах боловсон хүчин болон бэлтгэгдэх вэ.  Төр засаг дохионы хэлний хөгжилд анхаарал хандуулж, сонсголгүй хүүхдүүдийг бодлогоор дэмжихгүй бол хичээлээ зааж мэдэхгүй багш, хичээлээ ойлгодоггүй сурагчид хэдий болтол хэн хэндээ жүжиг тоглох билээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ер нь манай улс сонсголгүй, хараагүй иргэдэд суралцах, амьдрах эрхийг хангаж чадаагүй орон. Тэдэнд гудамжаар аюулгүй алхах боломж байхгүй. Одоо байгаа зам талбай нь тэднийг зүгээр л нийгмээс тусгаарлаад гэртээ сууж бай гэснээс ялгаагүй байдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлдэг. 

 

Өнгөрсөн онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116 дугаар сургуулийн сурагч Б.Баттөртэй ярилцахад “Гудамжаар алхахад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор хавтан байхгүй бол үнэхээр хүндрэлтэй байдаг шүү. 100 айлын автобусны буудал дээр бууна. БСБ хүртэл саадгүй явна. БСБ-ээр хойшоо эргээд алхахаар товгор зам байхгүй.  Тэгэхээр зарим үед би буруу эргээд  Сити тойлет руу биш Герентлогийн эмнэлэг руу эргэчихдэг юм. Тэгээд машины чимээ хажууд биш ард талд гарахаар буруу явснаа мэддэг. Бас явган хүний зам дээр  машин тавьчихсан байдаг. Гэв гэнэт машин тээглэхээр буруу явчихав уу, будилчихав уу гээд эргэлзэх тохиолдол зөндөө гардаг юм. Хараагүй бид чинь сурсан замаараа, энд юу байна, тэнд юу байна яг цээжилчихдэг” хэмээж байсан.

 

Бас “Хүмүүс биднийг “Эд нар хараагүй юм чинь” гээд бүр тусгаарлаад ойлгочихдог. Зарим нь их гадуурхдаг. Гэхдээ л зүрхэнд минь хайр, сэтгэлд минь гэгээ байдаг гэдгийг хүмүүс анзаараасай гэж би хүсдэг юм. Би залуу байна шүү дээ. Би яагаад бусдын адил гудамжаар алхаж, бусдын адил хайрлаж, дурлаж, хийж бүтээж болохгүй гэж. Хүмүүс л боломжгүй гэж боддог болохоос би л хувьдаа чадна бүтээнэ  гэж боддог юм” хэмээн дэврүүн мөрөөдөл тээж явдгаа хуваалцаж байсан юм.

 

Тиймээс тэд ч бусдын адил ХҮН учраас амьдрах орчин нөхцөлийг нь хангаж өгөх ёстой.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
биеэ өмөөрсөн, багшийн нэр төрийг гутаасан ,харваас арчаагүй ,ухамсаргүй,багш хүний ёс зүйгүй,дуракууд л сүрэгээрээ сүржин нь аргагүй бүх завхарлаа хүүхэдэд тохоод л зогсоцгоож гэнэ..хуу цэвэрлэх ёстой...тэр багшийн орон тоон дээр цалин авдаг малнуудыг хөөх хэрэгтэй...
2017-04-10
зэвүүн новш вэ:
тэр захирал шүү дуракийг шууд хал
2017-04-10
Зочин:
Ene huuhduudiin tumen zuv oo, huurhii sonsohgui huuhduud dohiogoor l yarihgui bol yu yaj oilgoh yum be!!! Ajilaa hiij bgaa dur uzuulj ulsaas tsalin avch baigaa ter bagsh nertei humuus boliosoi!!!!!
2017-04-10
Зочин:
Багш ч гэж дээ, танил талаараа л хэн дуртай тэнд очиж ажилж байгаа болохоор аргагүй шүү дээ!
2017-04-10
Зочин:
hicheel gej Changa Shivnee nevtruuleg shig l yum boldog yum bishuu. yana daa huurhii mongolchuud mini.
2017-04-10
Irgen:
Manaihaas uur orond hugjliin berhsheeltei murtluu amjilt gargasan uch tuchnuun hymyys baina .tednii bolovsroliib system sain bolood l iim baigaa shyy dee.
2017-04-10
zochin:
buh buruu bagsh nar ed engiin suragchidtai ch yaj hicheel zaadag bilee uhamsargui es judaggui bagsh nertei daramtlagchidiig shalgaj uneniig togtooj hicheeliig duremiin daguu dohionii neleer zaah estoi ed surgaltand hamruulj huuhduuded sistenchilsen medlegiig zaaval olgoh estoi ene bagsh nertei yumnuud uurgee bieluuleegui bij tsalin avah estoi yum be shuud huuhduudiinhee tald zogsono
2017-04-10