Тэр өрөөндөө шатар тоглож суугаа...

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1962 оны энэ өдөр Улаанбаатар хотод төрсөн. Гэвч Ардчилсан хувьсгалын үндэслэгчдийн нэг, ардын түмний хайртай эгэл даруу хүү 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Түүнээс хойш 19 жил өнгөрч. Улирч одсон он цагийн урсгалд монголын ард түмэн, гэр бүлийнхэн, журмын нөхөд нь түүний ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн жаргалтай хаврын энэ өдөр, хэрцгийгээр амиа алдсан жиндүүхэн намрын тэр өдөр бүрийд гэгээн дурсгалд нь зориулан босгосон хүрэл хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэсээр ирсэн. Тэд өнөөдөр ч мөн янжуур барин алсыг ширтэн бодлогоширч зогсоо эгэл дүртэй хөшөөнд нь цэцэг өргөж, түүнийг нэхэн саналаа.
Цэцэг өргөх ёслолд оролцсон С.Зоригийн үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг олон “Хэрэг илрээсэй” гэдэг үгийг л хэлдэг байв. Харин өнөө жил С.Зоригийн амийг хөнөөсөн этгээдүүдийг баривчлан хорьж, ял сонсгоод буй. Гэсэн ч “Захиалагчийг нь олж тогтоогоогүй тохиолдолд бид хэрэг илэрсэнд тооцохгүй” гэдгийг түүний ах С.Баяр хэлсэн.
МоАХ-ны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Санжаасүрэнгийн Зориг өнөөдөр амьд сэрүүн байсан бол 55 насны сүүдэр зооглох байв. Түүний мэндэлсний 55 жилийн ойд зориулан Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран гэрэл зураг болон эдлэл хэрэглэлийг нь үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Түүний ажилдаа явдаг байсан замд нь босгосон “Монголын ард түмнээс” гэсэн даруухан бичигтэй хүрэл хөшөөнд дүрсэлсэн хүрэн цүнх, 1990-ээд онд өмсөж байсан саарал костюм, эрээн зангиа, амиа алддаг өдрөө өрөөндөө тоглож суусан элэгдэж хуучирсан шатар зэргийг үзэсгэлэнд байршуулж олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлэв.
1981 онд ОХУ-ын Москва хотод сурч байхдаа өөрийн төрсөн дүү С.Оюундаа бичиж байсан захидлыг нь үзэсгэлэнд дэлгэсэн нь анхаарал татав. Уг захидалд “Бүтэн гурван сар хэнээс ч захиа аваагүй байж байгаад нэгэн зэрэг гурван зэрэг захиа аваад хагартлаа баярлалаа. Тэгээд баярлаж гүйж байгаад ванны өрөөний хаалганд хуруугаа хавчуулчихдаг юм байна...” хэмээн үйлдэл нэг бүрээ гаргацтай гэгч нь бичиж илэрхийлсэн байв.
Энэхүү захидлын талаар түүний дүү С.Оюун “Тухайн үед интернет гэж байсангүй. Бие биендээ захидал их бичдэг байлаа. Ах маань Москвагийн их сургуулийн одооныхоор улс төр судлал тухайн үеийн хэллэгээр бол шинжлэх ухааны коммунизмын онолоор суралцдаг байсан. Ах маань 20 гаруйхан настай ч улс орныхоо хөгжлийн төлөө олон зүйл бодож явсан нь залуудаа бичиж байсан захианаас нь харагддаг” хэмээн дурсан ярилаа.
Хүрэн цүнхны нь цахилгаан эвдэрч, бариул нь багахан элэгдэж хуучирсан. Саарал костюмынх нь ханцуй, зах нь эмжээрээрээ сэмэрчихсэн байх нь зүдүү ядуудаа биш зүтгэж, хийж бүтээж явсныг нь гэрчлэх шиг санагдав.
Тэр шатар тоглох дуртай нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч 1996 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, олон улсын тэмцээнд монгол шатарчдыг оролцуулах шанг татаж явсан түүхтэй. Дэд бүтцийн хөгжлийн сайд байхдаа эдэлж хэрэглэж байсан шатрын хөлөг элэгдэж хуучирныг үзвэл тэр шатар нүүх даанч дуртай байсныг нь мэдэж болмоор.
Тэр үргэлж л шатар нүүж, ухаан бодлоо уралдуулах дуртай байсан гэдгийг журмын нөхөд нь хэлдэг. Амиа алдсан гашуун өдрөө ч Төрийн ордонд шатаж нүүж суугаад гэртээ хариад харамсалтайгаар хорвоог орхисон гэдгийг монголын ард түмэн бүгд мэднэ.
Гэхдээ С.Зориг одоог хүртэл монголын ард түмний сэтгэлд бол өрөөндөө шатар тоглож суугаа...
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ