29 дүгээр сургуулийн 50 жил бугшсан булайг дэлгэлээ

Нийслэлийн 29-р тусгай сургуулийн багш нар сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг тухай мэдээлэл цацагдаж, олон нийтийн анхаарлыг татаад байна. Гэвч энэ мэдээллийг тус сургуулийн багш нар болон өмгөөлөгч Г.Батбаяр нар үгүйсгэж мэдээлэл хийн, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа юм. Харин өнөөдөр “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТББ-ын удирдлагууд нэгдэн мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
Б.Галсансүх: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг доромжилж, тохуурхаж байна
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч
-Миний ах дүү хамаатан садан дунд хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй, сонсголгүй олон хүн байдаг. Энэ хүмүүсийг бүгдийг доромжилж, гүтгэж төрийн байгууллагын ажилтнууд болон хуулийн ажилтнууд доромжилж тохуурхаж байгааг телевизээр үзлээ. Иргэн хүнийхээ хувьд бухимдаад байр сууриа илэрхийлэхийг хүслээ. Хүүхдийн тавьсан шаардлагыг ойлгохоос илүүтэй цагдаагийн байгууллагаар шалгуулахаар явж буй багш нар, тэднийг өдөөн турхирч байгаа өмгөөлөгч ичгэвтэр байна. “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Цэдэнбал надад “29-р сургуульд 50 жил бугшсан бузар булай өнөөдөр ил боллоо” гэж хэлсэн. Тийм болохоор захирлыг нь ажлаас нь чөлөөлөөд л бүх юм засрахгүй.
О.Амаржаргал: Сонсголгүй хүн сэтгэцийн өвчтэй хүн биш
"Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал
-Би өөрөө сонсголгүй хүүхэдтэй хүний хувьд хэлэхэд хэн нэгэн манай хүүхэдтэй дохионы хэлээр нь харилцаж чадахгүй бол ойлголцохгүй. Тиймээс дохионы хэлийг бичгийн хэлээр хослуулан зааж байж хүүхэд бусадтай харилцах, нийгэмд хөл тавих чадвартай болно. Тэрнээс дан ганц амаар хичээл заах нь буруу. Ганц 29 дүгээр сургуулийн буруу биш. Дохионы хэлийг хөгжүүлэхэд төрийн бодлого зохицуулалт дутагдаж байгаа учраас өнөөдөр энэ сургуулийн үйл ажиллагаа доголдолтой байгаа юм. Сонсголгүй хүн сэтгэцийн өвчтэй хүн биш. Тэгтэл Г.Батбаяр өмгөөлөгч сонсголгүй хүнийг сэтгэцийн өвчтэй мэт үзсэн. Тиймээс 29-р сургуулийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эцэг эхчүүдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч хуульчдыг бидэнтэй хамтарч ажиллахыг хүсч, уриалж байна.
Т.Цэдэнбал: Бид олон жил тэвчсэн
"Монголын сонсголгүй иргэдийн ТББ-уудын нэгдсэн холбооны тэргүүн"
-Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн гэж хуулинд заасан байдаг. Бид олон жил тэвчсэн. Өнөөдөр үгээ хэлэх цаг болсон. 50 жилийн түүхтэй энэ сургуулийн багш удирдлагууд сонсголгүй хүүхдийг дарамталж байсныг хараад сэтгэл өвдөж байна. Зөвхөн 14 хүүхэд үзэл бодлоо илэрхийлсний төлөө 60 гаруй багш хүүхэд рүү дайрч өмгөөлөгч Батбаярыг хөлсөлж авсан байна. Энэ хүүхдүүд эрх ашгаа хамгаалахын төлөө үг хэлсэн. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Багш нар хүүхдүүдийн үзэл бодлыг нь сонсоод уучлан гуйж, сурган хүмүүжүүлэх ажилдаа ахиц гаргана гэж горьдсон. Өмгөөлөгч Г.Батбаяр өөрөө хууль бус үйл ажиллагаа хийгээд байна. Сонсголгүй иргэдийг мэдэхгүй хэр нь тэднийг мөнгө бизнес, эрх ашгийг төлөө ашиглаж байна. Хүүхдүүдийн нөхцөл байдлыг судлахгүй багш нарын эрх ашгийг хамгаалж байгаа нь буруу. Захирлыг нь халлаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Бид дарамтлуулсаар ирсэн. Одоо бидний тэмцэх цаг ирсэн. Багш нарыг буруутгаж байгаа юм биш. Боловсролын системийг сайжруулаач гэж хүсч байна. Захирлыг нь сонгохдоо сонсголгүй иргэнд давуу эрх олгож бидний үгийг сонсох хэрэгтэй гэж бодож байна. Зөвхөн улс төр, бизнес эрхлэгч хүнийг сонгохгүй сонсголгүй иргэдийг ойлгож мэддэг хүн сонгогдвол сайн байна. Биднийг тэнэг мангар гэж доромжлохоо боль. Бид сонсохгүй л болохоос бусдын адил хүн. “Eagle” телевизийн сурвалжлагч үнэнийг дэлгэсэн. Бид маш их баяртай байна. Энэ хүн зөв юм хийсэн байтал шүүж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Сонсголгүй 12 мянган хүний эрхийн өмнөөс дугарч өгсөнд баярлаж байна” хэмээн ярилаа.
Нийслэлийн 29-р сургуулийн захирал Б.Батсайхан "Зөвхөн 29-р сургуулийн хүүхдүүд ч биш хавар намар хүмүүсийн зан араншинд өөрчлөлт гардаг. Манай сургуулийн 300 гаруй хүүхдийн 70 гаруй нь давхар бэрхшээлтэй. Давхар бэрхшээлтэй гэдэг нь зөвхөн сонсохгүйгээс гадна оюун ухаан, даун, туслах эрхтний саажилттай гэсэн үг. Манай сургуулийн давхар бэрхшээлтэй хүүхдүүд хавар, намартаа эм уух зэргээр эмчилгээ хийлгэдэг" хэмээсэн. Үүнд сонсголгүй иргэдийг зүгээс бухимдалтай байгаагаа илэрхийлж, сонсголгүй иргэд сэтгэцийн өвчтэй биш. Сонсож чадахгүй л болохоос бусдын адил хүн гэдэг байр суурийг илэрхийллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ