Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэний төлөө тэмцэл хийснийг аргагүйн эрхэнд хийсэн зөв зүйтэй алхам байсан гэж үзэж байна. Хэвлэлийн түүхэнд ийм үйл явдал гарч байсан ч олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг санахгүй байна. Улстөрчид бие биенээ хаацайлдаг. Чингис бондоос хэн нь хэдийг авсныг бодитойгоор мэдэхгүй байгаа. Үүнийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийг боомилох гэсэн санаа гэж хэвлэлийнхэн үүнийг дүгнэж байгааг буруу гэхгүй. Бичсэн сэтгүүлчийг нь мөшгөөд явдаг. Гүтгэхийг хэн ч дэмжихгүй байгаа. Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй. Яарч даараад сонин нь буух, телевизийнхний хувьд цаг нь болох гээд алддаг онодог юм бий. Хэрэв тэгсэн бол алдааныхаа төлөө уучлал гуйх ёс зүйн зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа. Хууль өнөөдөр хэнд үйлчилдгийг бүгд мэднэ. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүнд үйлчилдэг. Парламентын 76 гишүүн бүгдээрээ торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Дөрөв таван гишүүн төгөлдөр хуур дарсан, бусад нь мэдээ ч үгүй байгаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:
-Засгийн газар Зөрчлийн хуулийг өргөн мэдүүлэхдээ гүтгэх заалтаар торгууль нь хувь хүн 2 сая, хуулийн этгээд 20 сая төгрөг байхаар оруулж ирсэн. Хууль зүйн байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед санал гаргаад хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болж, нэмэгдсэн байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах үед энэ санал дэмжигдэхгүй бол хуучин санал нь үлдэнэ.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:
-Торгуулийн хувь хэмжээний хувьд өссөн зүйл байхгүй. Хариуцлагатай холбоотой 240 хуулийг нэгтгээд Зөрчлийн хуулийг боловсруулсан. Зөрчлийн тухай хуулийн хамгийн дээд торгууль нь аж ахуйн дээр 100 сая мөнгө, хувь хүн дээр 10 мянган төгрөгөөс эхэлж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Зөрчлийн хуулиас битгий улс төрийн ашиг хонжоо хай. Ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуй нэгж гээд бүх байгууллагууд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. 240 хуулиар зохицуулагдаж байсан хуулийг нэг хууль болгож байна. Хэлэлцүүлэг ямар түвшинд явагдсан юм. Энэ хууль баталж гаргаснаар торгуулийн хувь хэмжээ, тусгай зөвшөөрөл хасагдаж байгаа нь дэвшил гарах уу.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:
-Салбарын хуулиудтай болсон нь энэ хууль төрөн гарах гол үндэслэл болсон. Татварын багц хууль батлагдсанаар төрийн хяналт шалгалтаас давсан асуудал их байгаа. Төрийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал бүр дээр Зөрчлийн хуулиар зохицуулна. Тэр утгаараа иргэн аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж байгаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ