ХАА-н биржийн тодорхойлолт 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг

ХАА-н биржийн 34 хувийг Монголын төр, 66 хувийг Хонгконгийн хөрөнгө оруулагч эзэмшдэг.
Хөдөө аж ахуйн биржийн Тодорхойлолт гэх бичиг 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг аж. Энэ талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон ноос ноолуур экспортлогч компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Монголын 20 гаруй үйлдвэр Итали, Хятад, Англи, Солонгос, Ядон зэрэг оронд ноос, ноолуураа экспортолдог байна. Ингэхдээ ХАА-н биржээс “Биржээр арилжаалагдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг авдаг аж. Харин энэ тодорхойлолт нь 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.
Компаниуд ноос, ноолуураа гаргахдаа ангилан ялгах, угаах, боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, даатгалд хамруулах зэрэг үйлчилгээг өөрсдөө хийлгэдэг аж. Өөрөөр хэлбэл ХАА-н бирж ямар ч үйлчилгээ үзүүлээгүй зөвхөн тодорхойлолт гаргаж өгөхийн тулд экспортлогч компаниудаас сая саяар нь мөнгө авдаг гэсэн үг.
Экспортлогчид 2016 онд угаасан 5400 тонн, боловсруулаагүй 7700 тонн ноолуурт тодорхойлолт авахын тулд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг бирж, брокеруудад төлсөн аж. Энэ шимтгэлээс Санхүүгийн зохицуулах хорооноос эхлээд ХАА-н бирж, брокерууд хувь хүртдэг байна.
Одоо ноолуурын үнэ 65 000 төгрөг байгаа. Гэвч ХАА-н бирж тодорхойлолт олгохдоо нэг кг ноолуурын үнийг 85600 төгрөгөөр тооцож буй аж. Ингэснээр 20 тоннын нэг контейнер ноолуураас 14 сая төгрөгийн шимтгэлийн ХАА-н бирж авч буйг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байна.
Тэгвэл экспортлогчдоос авч буй сая саяар хэмжигдэх энэ мөнгө улсын төсөвт ордог уу гэвэл үгүй аж. Учир нь Засгийн газрын 2015 оны 330 тоот тогтоолоор ХАА-н биржийн хувьцааны эзэмшлийг өөрчилж, 34 хувийг Монголын төр, 66 хувийг Хонгконгийн хөрөнгө оруулагчид худалдсан байна. Өөрөөр хэлбэл дотоодын компаниудаас авч байгаа шимтгэлийн орлогийн ихэнх хувь Хонгконгийн хөрөнгө оруулагчийн данс руу урсдаг гэсэн үг.
Энэ байдлыг өөрчлөх зорилгоор экспортлогч хил дээр нэг кг ноолуураас 8000 төгрөгийн шимтгэл авах саналыг удаа дараа гарсан ч хэн ч дэмжээгүй гэдгийг хэлж байна. Хэрвээ хил дээр 8000 төгрөг авбал улсын төсөвт жилд 32 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог ч хийжээ.
Энэ асуудал зөвхөн ноос ноолуур экспортлогчдод тулгардаггүй. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан ч ХАА-н биржийн үйл ажиллагаа малчид болон үйлдвэрлэгчдэд халтай байгааг хэлж байна.
Тэрбээр “Бид малчдаас арьсыг ноос, ноолууртай нь худалдаж авч байгаа. Тэгээд угааж, боловсруулаад гадны зах зээл рүү гаргадаг. Харин гадагш нь гаргахад ХАА-н биржээр худалдаалсан байх ёстой гэсэн журамтай. ХАА-н биржээс худалдаа хийсэн гэх бичиг худалдаж авч байгаа нь үйлдвэрлэгчдийг хүссэн, хүсээгүй татвараас зайлсхийх байдалд хүргэж байна. Энэ асуудлаар бид ХХААХҮЯ, ХАА-н биржид олон удаа хүсэлт тавьсан ч өөрчлөгдөөгүй. Малчны авах мөнгийг ХАА-н бирж гэсэн нэрийн дор компьютерын ард суусан хэдэн нөхөд аваад байна” гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ