
Европын эдийн засгийн нөхцөл байдал муу хэвээр байна. Евро-бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сүүлийн хоёр жилийн турш байгаагүй бага хурдыг энэ оны наймдугаар сард үзэв. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өсөлт зарим орны засгийн газрын өрийн хямралын улмаас удаашрах нь гэсэн болгоомжийг төрүүлж байгаа юм. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөв байдлыг илтгэх Purchasing managers index тайлант хугацаанд 51.1 нэгжтэй гарчээ. Энэхүү үзүүлэлт 50 нэгжээс дээш байвал тухайн салбарын тэлэлтийг илтгэдэг бол 50 нэгжээс бага гарах нь тухайн салбар хумигдсан болохыг илэрхийлдэг. ING Bank Group-ын ахлах эдийн засагч Martin van Vliet-ийн хэлснээр энэхүү мэдээ нь Евро-бүсэд эдийн засгийн хямрал нүүрлэх нь гэсэн айдсыг бага зэрэг намжааж байгаа ч 2011 оны сүүл хүртэл онцын өсөлт гарахгүйг илтгэж байна.
Өрийн хямралд өртөөд буй дараагийн орнууд болох Итали, Испани зэрэг улсууд төсвийн зардлаа бууруулах гэж чармайж буй энэ үед Евро-бүсийн эдийн засгийн үзүүлэлтүүд төдийлөн сайн гарахгүй байна. Хэдийгээр Европын Төв банкны зүгээс 110.5 тэрбум еврогийн бонд худалдан авч, 365 тэрбум евро (525 тэрбум ам.доллар)-гийн засгийн газрын өрөнд баталгаа гаргасан ч Грек, Португал, Ирланд зэрэг орнуудыг хамраад байсан өрийн хямрал бусад орон луу “халдварлахаас” сэргийлж чадсангүй бололтой. Евро-бүсэд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан бүс нутгийн хэрэглэгчдийн итгэлийн индекс буурсаар байна. Европын комиссоос мэдээлснээр дээрх индекс долдугаар сард -11.2 нэгж байснаас буурч наймдугаар сард -16.6 нэгжид хүрчээ.
ХБНГУ-ын бизнес эрхлэгчид өөрийн орны цаашдын ирээдүйг хэр зэрэг өөдрөгөөр харж байгааг илтгэгч индекс долдугаар сард 112.9 нэгж байснаас буурч наймдугаар сард 108.7 нэгжид хүрчээ. Мюнхен хотод байрлалтай Ifo институтээс нийт 7,000 захирлуудын дунд явуулсан судалгаанаас харахад Европын нэлээд хэдэн орныг хамраад буй Засгийн газрын өрийн хямрал болон дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа зэрэг нь бизнес эрхлэгчид ийнхүү итгэл алдрахад хүргэж байна.
Евро-бүсийн ажилгүйдлийн түвшин хоёр дахь сардаа дараалан өөрчлөлтгүй буюу 10 хувьтай гарсан тухай бүс нутгийн Статистикийн алба болох Eurostat-аас мэдээлжээ. Хэдийгээр Евро-бүсийн хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн 26 сар дараалан буурч долдугаар сарын байдлаар 6.1 хувьтай байгаа ч уг үзүүлэлт Испани улсад 20.9 хувь, Ирланд улсад 14.5 хувь, Португал улсад 12.3 хувьтай байгаагийн улмаас бүс нутгийн хувьд тааруухан гарсаар байгаа билээ. Нийт 27 орныг нэгтгэсэн Европын Холбооны хувьд авч үзвэл ажилгүйдлийн түвшин долдугаар сарын байдлаар мөн л өндөр буюу 9.5 хувьтай байна.
Их Британий эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрахгүй хэвээр...
Их Британий хэрэглэгчдийн итгэлийн индекс долдугаар сард сүүлийн гурван сарын турш байгаагүй бага түвшин буюу 47 нэгжид хүрсэн тухай Nationwide Building Society-гаас наймдугаар сарын 25-нд мэдээлсэн билээ. Энэ үзүүлэлт нь 6 дугаар сард 49 нэгжтэй тэнцэж байснаа ийнхүү буурчээ. Дээрх судалгааны байгууллагынхны үзэж буйгаар дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас хөрөнгө оруулагчид хөрөнгөө их хэмжээгээр татаж байгаа, Их Британи улсад 1980-аад оноос хойш гараагүй үймээн самуун дэгдсэн зэргийн улмаас хэрэглэгчдийн итгэлийн индекс үүнээс ч илүү буурах хандлагатай байгаа аж.
Их Британий эдийн засаг энэ оны II улиралд өмнөх улирлаас дөнгөж 0.2 хувиар тэлсэн гэх урьдчилсан тооцооллоо тус улсын Статистикийн алба бататгалаа. Жилээр авч үзвэл Их Британий эдийн засгийн өсөлт тайлант хугацаанд мөн л бага буюу 0.7 хувьтай гарчээ. Засгийн газар нь зардлаа бууруулах гэж хичээж байгаагийн дээр хэрэглээний үнийн индекс өсч хэрэглэгчдэд дарамт учруулж буйтай холбогдуулан Их Британий эдийн засгийн үзүүлэлтүүд 2010 оны 9 дүгээр сараас хойш төдийлөн сайжрахгүй байгаа билээ.
2011 оны II улиралд үйлчилгээний салбар өмнөх сараас 0.5 хувиар нэмэгдэхэд тээвэр болон бизнесийн үйлчилгээ нэмэгдсэн нь түлхэц болсон байна. Үүнээс гадна барилгын салбар тайлант хугацаанд мөн 0.5 хувиар тэлсэн бол үйлдвэрлэл харин 0.5 хувиар буурчээ. Уул уурхай, олборлолт болон нийтийн аж ахуйн нийт гаргалт зэргийг оруулан тооцсон аж үйлдвэрийн салбар 2011 оны II улиралд өмнөх улирлаас 1.6 хувиар хумигдсан нь 2009 оны сүүлийн улирлаас хойш байгаагүй муу үзүүлэлт болжээ.
Орон сууцны үнэ Их Британид цаашид ч унасаар байгаа тухай Nationwide Building Society- гаас мэдээлсэн. Уг мэдээнээс харахад наймдугаар сард орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 0.6 хувиар буурч 165,914 фунт стерлинг (269,800 ам.доллар)-т хүрсэн нь сүүлийн арван сар байгаагүй доод үнэ байлаа.
Хэдийгээр орон сууцны нийлүүлэлт буурч, Английн Төв банкны бодлогын хүү урьдын хэвээр түүхэн доод түвшинд байгаа нь үнэ өсөх суурь болж байгаа ч зээл олголт бага, инфляци өсч хэрэглэгчдийн мөнгө зарцуулалтад сөргөөр нөлөөлж байгаа зэргийн улмаас орон сууцны үнэ өсөхгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ