Зөрчил дэх зөрөлдөөн

Хууль төрсний дараа
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хоёр парламент дамнан хоёр дахь удаа батлагдлаа. Энэ хууль хаврын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдээс нийгмийг анхааралд байж, хүний эрхийг боомилсон асуудалд ч өртөөд авсан.
Уг нь өмнөх парламентын үед 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон байв. Гэвч шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй гэх үндэслэлээр Засгийн газарт дахин буцаагдсан. Учир нь энэ хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслүүд ёсчлогдоогүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдэж дуусаагүй, харилцан уялдаатай Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, техникийн нөхцөл боломж бүрдээгүй зэрэг олон шалтаг, шалтгаан дагуулжээ. Тиймээс Засгийн газар Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Зөрчлийн тухай хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн энэ хуулийн хамрах хүрээ өргөн.
Уг хууль нь иргэдийн өдөр тутмын амьдралаас эхлээд бусад холбогдох хуулиадад хамаарах зөрчлийн асуудал туссанаараа онцлогтой. Зөрчлийн хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ биш нэгжээр тусгаж өгсөн. Нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцүүлэн мөрдүүлэхээр тусгасан. Тухайлбал, гудамж талбай зэрэг олон нийтийн газарт нус, цэрээ хаявал 10-20 нэгжээр торгуулна. Энэ нь мөнгөн дүнгээр 10-20 мянган төгрөг гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмийн хуульд заасан торгуулийн дүн ч мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бус нэгжээр хэмжигдэнэ.
Хуулийн батлагдсанаар хээл хахууль, авлигыг таслан зогсоох, зөрчил үйлдсэн бол хариуцлага гарцаагүй байх зарчим хэрэгжиж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд бодитой ахиц дэвшил гарна гэж хууль санаачлагачид үзэж байгаа. Хууль батлагдах явцдаа ч гишүүдэд эргэлзээ төрүүлсэн асуудал дагуулж байсан. Тухайлбал, Зөрчлийг гэмт хэргээс хэрхэн ялгах талаар гишүүд ширүүхэн мэтгэлцэж байсан. Гишүүн Д.Лүндээжанцан “Олон зүйлийг нэгтгээд оруулаад ирэхээр холион бантан болоод байна. Зөрчлөө гэмт хэрэг гэдэг агуулгад багтаагаад оруулж ирсэн. Аж ахуйн харьцаа, банк санхүүгийн салбарт захиргааны зөрчил үүсч байна. Ажлын цагаа буруу хэлэх, үйлчлүүлэгчдээ гомдоох тохиолдолд зөрчилд тооцогдоно. Харин банк дампуурсан тохиолдолд иргэдийг хохироосон гэмт хэрэг болно. Энэ чинь эрүүгийн хэрэг болж байгаа юм. Гэтэл дампуурлын ирмэгт хүрэх нь захиргааны зөрчил биш” гэдгийг анхааруулж байлаа.
Гэхдээ хуульд энэ талаар тодорхой тусгасныг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар онцолж байлаа. Тухайлбал, “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш хаясан бол олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах гэж үзэх юм. Харин хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, дарааллын журмыг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэж, гэмтээж биеэ авч явах зэргээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн бол танхайрах зөрчилд тооцогдоно.
Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, байр саваар хангасан, тариалсан гэх мэт үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар зохицуулагдах бол мансуурах зорилгоор газ, цавуу үнэрлэж байгаа үйлдлийг зөрчил хэмээн тооцож, хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.
Энэчлэн шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуульд зөрөлдөөнтэй асуудал их байгаа. Хууль ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Хэрэгжилтийн явц уг хуулийн хэр боловсруулагдан батлагдсаныг харуулах биз ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ