Сайд солигдохоор Зэс хайлуулах үйлдвэрийн байршил солигдоод байж болохгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна.  Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна. УИХ-ын тогтоолын төслийг гишүүн С.Чинзориг танилцуулсны дараагаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.  

УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг:

 

-Салбарын хөрөнгө оруулалтыг салбар салбарт нь оруулж ирмээр байна. Салбарын хөрөнгө оруулалтыг бодитой, жигд хүртээмжтэй байлгах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Яамнаас нь ингэж төсөл оруулж ирсэн гээд ам таглаад сууж байдаг. Хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газар яаж зохицуулж байна вэ?

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Бид салбарын хөрөнгө оруулалтыг жигд хүртээмжтэй болгох тал дээр хичээж ажиллаж байна. Төсвийн алдагдал өндөр байгаа. Зээлийн өрийн үлдэгдлийн асуудал яригдаж байна. Өмнөх Засгийн газрын үед олон объект эхэлсэн, дуусаагүй. Жишээ нь, боловсролын яам дээр 300 орчим объект эхлээд дуусаагүй байгаа. Үүнийг дуусгах бодлогыг барьж байна. Дараа нь шинэ хөрөнгө оруулалт эхлүүлнэ.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Үндэсний хөгжлийн бодлогын газарт 2.297 тэрбумын өртөг бүхий 41 концесс байна.  Концессийн хэрэгжилтүүд хангалтгүй.  Энэ концессуудаас 30 хүрэхгүй  хувьтай явж байгааг нь зогсоовол ямар вэ?

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Ажил нь эхлээгүй концессуудыг зогсооё, тендэр зарлагдсан ч ажил нь эхлээгүй концессийг зогсооё гэж байгаа. Одоо бүх концессууд дээр аудит оруулж байгаа.

 

ЗТХ-ийн сайд Д.Ганбат:

 

-Энэ жил бид урд өмнө гэрээ нь хийгдээд явж байгаа замуудаа үргэлжлүүлэн ажлыг нь эхлүүлээд явж байна. Шинээр концессийн гэрээ байгуулаагүй. Дорноговь аймгийн замыг эс тооцвол. Замын чанарын асуудлыг анхаарах нь зөв. Зам барьж байгаа компаниудын хяналтыг чангатгах чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Замын насжилтыг уртасгах талаар бодлого барин ажиллаж байгаа.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Өмч хувьчлалын хөтөлбөрийг ТӨБЗГ-аас ирүүлсэн. Бид Засгийн газарт хэлэлцээд УИХ-д оруулж ирнэ. 2017 оны өмч хувьчлалын жагсаалтыг ТӨБЗГ-аас мөн ирүүлсэн. Өмч хувьчлалын асуудал нийгэмд дуулиан, шуугиантай байдаг.  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар оруулж ирэхээр байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Эрдэнэт үйлдвэрт Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал ямар шатанд байна вэ? Томоохон  төсөл хөтөлбөрийг хэзээ эхлүүлэх вэ?

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж:

 

-Засгийн газраас өргөн бариад үндсэн чиглэлд тусгасан Зэс хайлуулах үйлдвэр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн дэргэд байгуулна. Хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Зэс хайлуулах үйлдвэр бизнес төлөвлөгөөнд нь  тусгагдсан байгаа.  Ус, эрчим хүч, төмөр зам зэргийг Тавантолгойд эхлүүлэхээр төсөл боловсруулагдаж, ажлын хэсэг гарч ажиллаж байна.  Нэг мөр шийдэх бололцоотой гэж харж байгаа. Гачууртын ордын  хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн шатанд явж байгаа.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Ирэх зургадугаар сард бид Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийг хуралдуулж, бодлогын хүүг бууруулах талаар ярилцаж байгаа. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрийн дагуу ОУВС-тай зөвлөлдөх учиртай. Тийм учраас бид мөнгөний бодлогын хүүг бууруулах талаар ОУВС-тай хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр хийсний дараагаар шийдвэрээ гаргана.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал салбарын сайд солигдохоор байршил нь солигдоод байх юм. Х.Баттулга Сайншандад гэсэн, Д.Эрдэнэбат Бор-Өндөрт гэсэн, одоо Эрдэнэтэд  байгуулна гэж байна. Салбарын сайд солигдонгуут байршил нь царцаа шиг үсрээд байж болохгүй.  Засгийн газар ямар төслүүдээ том гээд байгаа юм бэ? Тэрийгээ хэзээ хөдөлгөх юм. Эзэнтэй, хугацаатай хэл. Бүрхэг яриад байж болохгүй. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ