IPO хийсэн өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн цан цохилоо

Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны дэд дарга Д.Баярсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Сато Мүцүми нар Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Учир нь одоогоос 12 жилийн өмнөх тавдугаар сарын 26-нд Монгол Улсад анх удаа IPO хийгджээ.
Компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх, нэмэгдүүлэх тодорхой зориулалт бүхий санхүүжилтийг хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаа гарган, нийтэд санал болгох замаар босгох үйл ажиллагааг IPO гэдэг. 2005 онд Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн анхны IPO амжилттай болсон бөгөөд түүнээс хойш нийт 22 компани IPO хийх хүсэлтээ Хороонд гаргаснаас 15 компанийх нь амжилттай болж, олон нийтээс 97.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татаж чадсан байдаг. Мөн нэмж хувьцаа гаргах замаар 7 компани 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгө босгожээ.
Хөрөнгийн биржийн 5482 дахь арилжааны нээлтэд СЗХ-ны удирдлагууд болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн багийнхан оролцлоо.
Энэ үеэр хэлсэн үгэндээ дэд дарга Д.Баярсайхан 2014 оноос эхэлсэн “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилт сайн үнэлгээ авсныг дурдаад, төслийн хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, оролцогчдыг чадавхжуулах, зах зээл өндөр хөгжсөн орны туршлагыг судлах, хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр цөөнгүй ажил хийгдсэнийг тэмдэглэж, хамтран ажиллаж буй ЖАЙКА байгууллагад талархал илэрхийлэв.
Төслийн эхний үе шат ирэх долдугаар сард дуусах бөгөөд хоёр дахь үе шатыг 11 дүгээр сараас эхлүүлэхээр Хороо болон ЖАЙКА байгууллага тохиролцон шийдвэрлээд байгааг дуулгасан юм. Дараагийн шатанд дотоодын компаниудын IPO гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн нэр хүндтэй биржүүдэд давхар бүртгэл хийж, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох талаар бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр онцоллоо.
Мөн тэрбээр, Хороо дунд болон урт хугацаанд олон тулгуурт санхүүгийн салбарыг хөгжүүлэх, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж буйг өгүүлж, энэ талаар Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулаад байгааг мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ