Үйлдвэрлэл худалдан авагчтай байх ёстой

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” мэдээлэл хийв. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг сонссон юм. Ингээд цөөнхийн бүлгийн гишүүдийн асуултад хариулсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хүрээнд ЖДҮ-ийг хэрхэн хөгжүүлэх вэ? Гадаад ажиллаж, амьдарч байгаа иргэд Монголдоо технологийг нь оруулж ирж ажиллуулахад боломж байна уу? Манайд өнөөдөр хичнээн хөнгөн үйлдвэр ажиллаж, хичнээн ажлын байр бий болж байна вэ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-ОУВС-тай удаа дараа ярилцсаны үндсэн дээр Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ЖДҮ сайжирна гэж үзэж байгаа. Сум орон нутагт үйлдвэр байгуулахад ажиллах хүчин хүрэлцэх эсэхээс хамаарч судалгаа хийгдсээр байгаа. Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа судалгаа хийж эхэлсэн. Үйлдвэрлэл гэдэг бол худалдан авагчтай байх ёстой.
Гадаадад амьдарч байгаа иргэд маань амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж очсон. Тэнд очсон хүмүүсийн тухайд тухайн технологи дээр ажиллах байр суурь нь Монголд бүрдээгүй учир ирэхгүй байгаа. Гадаадад амьдарч байгаа бэлтгэгдсэн боловсон хүчин санхүүгийн эх үүсвэрийн тухайд Монголд боломж байхгүй байгаа.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Баяртулга:
-2000 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 48800 хүн хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Ажилгүй иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутагт байна. Тэдэнд хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийг хөдөө орон нутагт байгуулвал ажлын байр бий болох юм байна гэж ойлголоо. Оёдол, сүлжмэлийн үйлдвэр байгуулах талаар таны мэдээлэлд дурдсан. Үүнийг хөдөө орон нутагт хэрхэн чиглүүлэх вэ? Аль аймаг, бүс нутагт ямар чиглэлийн үйлдвэрийг байгуулъя гэсэн судалгаа тоо байна вэ? Төвөөс алслагдмал аймгуудад тухайн чиглэлийн үйлдвэрүүд хэрэгтэй байна. Өмнөх Засгийн газарт хөнгөн, хүнсний үйлдвэрийг байгуулахад их хэмжээний мөнгө гаргасан. Үр дүн нь хэр явж байна вэ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Хөдөө орон нутагт үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох шаардлагатай. Ингэснээр Улаанбаатар хотын хөдөлгөөнийг сааруулна. Засгийн газрын 21:100 гэдэг хөтөлбөрт 21 аймагтаа 100 үйлдвэр байгуулна гэсэн үг.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Хөнгөн үйлдвэр чин аж үйлдвэртэйгээ цогц явдаг юм. Төрийн бодлого хавтгайруулсан зээл өгдгийг зогсоох ёстой. Үүн дээр би санал нэг байдаг. Монгол Улсад хөнгөн, хүнсний тоо багадаагүй. Хамгийн гол нь инваци шингэсэн үйлдвэрлэл хэрэгтэй. Монгол Улсын хөдөө аж ахуй дээр тулгуурласан үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйг дэмжихэд хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг банк бол Европын сэргээн босголтын банк. Бид зорилтот зах зээлийг хуваах хэрэгтэй. Эдийн засгийн түншлэлийг байгуулсан Японтой хамтрах хэрэгтэй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Ноос ноолуурын салбарын хувьд манай компаниуд технологио сайжруулаад дэлхийд өрсөлдөх хэмжээнд очсон. Хэд хэдэн улс оронд салбараа нээсэн. Өнөөдөр Монгол Улс ноолууран пальто үйлдвэрлэдгээрээ дэлхийд тэргүүлдэг боллоо. Арьс, ширний боловсруулах үйлдвэрийн технологийг сайжруулах тал дээр Турк, Итали улсад тавьж байна. Би Ерөнхий сайд болсноосоо хойш хоёр удаа гадаад айлчлал хийсэн. Ингэхдээ Монголын бизнесмэнүүдээ дагуулж явлаа. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтраад үйлдвэрлэлээ хөгжүүлэх бололцоог бүрдүүлэх боломжийг олгохыг зорьсон. Саяхан Хятад улсад айлчлахдаа Эрдэнэт үйлдвэрт Ган бөмбөлөг үйлдвэр нээх асуудлаар хэлэлцээр байгуулсан. Удахгүй ган бөмбөлөгний үйлдвэр нээгдэнэ.
Чанаргүй цемент орж ирж байгаа асуудлыг гааль дээр хянах ёстой. Дотоодын цементийг хэрэглэснээр хэн нэг монгол хүнээ дэмжиж байгаа.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Баяртулга:
-Европын сэргээн босголтын банкны шугамаар зээл аваагүй. Учир нь 12 хувийн хүүтэй байсныг аж ахуй нэгжүүд өндөр хүүтэй гэж байсан.
УИХ-ын гишүүн Д.Мурат:
-Баруун аймагт арьс шир боловсруулах анхан шатны үйлдвэр байгуулахад хөрөнгө их шаардагдахгүй. Туул голыг аврах ганц арга нь баруун аймаг бүрт арьс ширний анхан шатны үйлдвэр байгуулах хэрэгтэй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Туул голын бохирдлын асуудал олон жил яригдаж байгаа. Арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал голлон Туул голыг бохирдуулж байна. Байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай эрхийг цуцалж байгаа. Арьс ширийг боловсруулахын тулд их хэмжээний химийн бодис хэрэглэдэг. Өндөр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байгуулж, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах ёстой юм. Цементийн үйлдвэр Баян-Өлгийд байгуулагдаж байгаа. Баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулах шаардлагатай юм. Хэтэрхий өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулвал хэрэглээнээс ээ давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл үүснэ. Тухайн бүс нутгийн нөхцөлд тааруулах хэрэгтэй юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ