Кабинетаа хандиваар тохижуулаад ажлаасаа халагдсан гэв

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 10 сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн тухай ЕБС-ийн захирлууд мэдээлэл хийлээ. Ерөнхий боловсролын 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захирлуудыг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж буйгаа хуралд оролцогчид хэлэв.
СХД-ийн есдүгээр сургуулийн захирал асан А.Батжаргал “Миний хувьд Нийслэлийн Засаг даргын захирмажаар 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд ажлаас халагдсан. Бага ангийн 14 кабинетад эцэг, эхийн хандив тусламжаар 2015-2016 оны хичээлийн жилд 14 телевизэр авхуулж тавьсан. Үүгээр шалтгалж намайг ажлаас халсан. Боловсролын тухай хуулинд багш мэргэжилтэн багшлах эрхтэй байна гэж заасан байдаг. Гэтэл миний оронд томилогдсон хүн 1997 онд боловсролын сургууль төгсөөд түүнээс хойш 20 гаруй жил багшаар ажлаагүй хүн тавигдсан байна” хэмээв.
Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн захирал Х.Чинбат “Ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан байхгүй. Шалтаг л байсан гэж үзэж байна. Тэр нь спорт заалаа түрээсэлдэг гэх нотолгоогүй үндэслэлээр ажлаас халсан. Энэ нь эрх зөрчсөн шийдвэр болсон. Тухайн байгууллагын удирдлага гэдэг тэнд ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ёстой. Тиймээс зөвхөн намайг халаад зогсохгүй, сургуулийн багш, ажилчдын эрх ашиг хөндөгдсөн. Биднийг улстөрийн агуулга, намын харъяаллаар биднийг халсан. Гэтэл бидэн дунд намын харъяалалтай хүн байхгүй. 2012 оноос хойш томилогдсоноороо бид өнөөдөр хэлмэгдлээ. Өмнө нь томилогдсон бол бид халагдахгүй байсан болов уу” гэв.
Боловсролын салбар мэргэжлийн бус хүмүүс томилох тохиолдол ихсэх хандлагатай болсныг хэвэллийн хуралд оролцогчид онцоллоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ