Шалгалтаар зөрчил илэрсэн тул ЕБС-ийн захирлуудыг халсан

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 10 сургуулийн захирлыг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн тухай ЕБС-ийн захирлууд өчигдөр /2017.05.29/ мэдээлэл хийсэн. Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тайлбар хийлээ.
НМХГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн дотоод аудитын албанаас багш, эцэг эхчүүдийн гомдлын дагуу өнгөрсөн есдүгээр сараас Нийслэлийн ЕБС-д 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалтыг явуулжээ. Шалгалтаар холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нэлээдгүй зөрчил илэрсэн аж.
Тухайлбал СХД-ийн есдүгээр сургуулиас 30, 67 дугаар сургуулиас 29, 107 дугаар сургуулиас 4 зөрчил илэрсэн байна. Тус сургуулийн удирдлагууд Бага дунд боловсролын тухай хууль, салбарын сайдын журам, Хөдөлмөрийн тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тиймээс хууль тогтоомж зөрчиж, ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргасан зүйл байхгүй. Хуулийн дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулж, шалгалтаар гарсан зөрчлийн хүрээнд ажлаас чөлөөлөх арга хэмжээг авсан болохыг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд хэлж байна.
Шалгалтаар зөрчил илэрсэн нийт 32 боловсролын салбарын удирдах албан тушаалтанд арга хэмжээ авсан аж. Үүнээс 15 нь сануулах арга хэмжээ, 10 нь цалингийн 20 хувь хүртэл мөнгөөр торгох, наймд нь ажлаас чөлөөлөх арга хэмжээ авчээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн захирал Х.Чинбат “Ажлаас чөлөөлөгдөх шалтгаан нь спорт заалаа түрээсэлдэг гэх нотолгоогүй үндэслэлээр ажлаас халсан. Энэ нь эрх зөрчсөн шийдвэр болсон” хэмээж байсан.
Үүнд Нийслэлийн боловсролын газраас “Сургуулийн анги танхимыг зориулалтын бусаар ашиглахыг хориглодог. БСШУС-ын сайдын 2008 оны тогтоолоор спорт заалыг зөвхөн хүүхэд хөгжүүлэх ажилд ашиглана гэж заасан байдаг. Гэтэл сургуулийн захирлууд ашиг олох зорилгоор гадны байгууллага, иргэн, аж ахуй нэгжид түрээслэсэн нь тогтоогдсон” гэлээ.
Ерөнхий боловсролын 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захирлуудыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр ажлаас нь халжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ