ЕБС-уудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт тавьсан

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агөнтлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулжээ.
Үндсэн чиглэлийн төсөлд нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой зааж өгсөн байна. Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан дээрх зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгажээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх, инфляцийг 8,0 хувийн түвшинд барих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 8,0 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бодит салбаруудын хөгжпийг дэмжих, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зэрэг зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Д.Эрдэнэбат, Б.Батзориг, Б.Жавхлан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, үндсэн чиглэлийн төсөлд Оюутолгойн ордын далд уурхай, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрүүд, Тавантолгой, Гацууртын орд зэрэг эдийн засагт үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийн ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг тусгасан. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн үр дүнд зарим улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авахын зэрэгцээ санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Эдгээр зээлийн гэрээ, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах, зөвшилцөх асуудал Байнгын хороодоор яригдаж байгаа, одоогоор эцэслэгдээгүй байна.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна гэсэн тооцоо судалгаа гарсан, үүнийг 2018 онд 8 хувь болгож бууруулахаар үндсэн чиглэлд тусгасан. Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоход ирэх онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
-Банкны салбарыг эрүүлжүүлэх чиглэлээр ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Засгийн газар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллана. Иймээс юуны түрүүнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг батлах шаардлагатай байгаа тул гишүүд анхаарч дэмжих нь чухал байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс одоо гурван ээлжээр хичээллэж байгаа 30 гаруй сургуулийн асуудлыг ирэх онд бүрэн шийдвэрлэж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт тавьж байгаа.
Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа, энэ асуудлыг УИХ-ын намрын чуулганд оруулж шийдвэрлүүлнэ. Харин улс орны эдийн засгийн байдал амаргүй ийм үед их, дээд сургуулийг хотоос гаргаж нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардал төсөв үндсэн чиглэлд тусгагдаагүй. Эдийн засаг сэргэсэн үед энэ асуудлыг авч үзэж болох байх" гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Зээлийн хүү өндөр байгаа ийм үед ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх нь хүндрэлтэй учраас одоо байгаа ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг төсөв санхүүгийн бодлогоор дэмжих нь чухал. Иймээс зөв бодлого барьж магадгүй стандарт бус шийдвэр гаргах шаардлага үүсч мэдэх тул энэ талаар анхаарч ажиллах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогод анхаарах хэрэгтэй Ялангуяа төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, хувьчлах бодлогыг тодорхой болгож УИХ-д оруулж ирмээр байна. Энэ тал дээр анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн Б.Батзориг:
-2018 оны үндсэн чиглэлийг зөв тодорхойлж чадвал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол суурь тавигдах учраас нухацтай хандах нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хувиараа бизнес эрхоэгчдийг дэмжих асуудлыг үндсэн чиглэлд тусгах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Экспортыг нэмэгдүүлэхэд жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн орчин чухал нөлөөтэй учраас энэ талаар анхаарах хэрэгтэй. Их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг үйлдвэрлэлийн бүс, том хотууддаа нүүлгэн шилжүүлж төвлөрүүлэх эхний шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгамаар байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд үндсэн чиглэлийн суурь зарчим чиглэх учиртай юм. Үндсэн чиглэл, төсвийн уялдааг хангахад анхаарч хариуцлагын тогтолцоог тусгаж өгөх шаардлагатай.
Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Ийнхүү тогтоолын төслийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ