Эгэл гэр хорооллын дундах “Ид шидийн орон”

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачлагч Ч.Ганжавхлан 2012 онд “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг байгуулах санаачлагыг гаргаж, хандив цуглуулж эхэлсэн байдаг. Хэдэн жилийн өмнө энэ нь мөрөөдөл төдий байсан бол харин өнөөдөр олон хүний сайхан сэтгэлийн тусламжаар СХД-ийн 3-р хороо, Баянхошуунд 2000 метр квадрат талбай буюу 3 айлын газарт “Ид шидийн орон” сүндэрлэж эхэллээ.
Энэхүү буянт ажлыг Монголдоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүдийнхээ хандив тусламжаар эхлүүлсэн болохыг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэлсэн. Тэрбээр “Манай ТББ-ын санаачлагаар “Ид шидтэй ах эгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж АНУ-д амьдарч буй Монголчуудад хүүхдийн хүчирхийллийн асуудлыг танилцуулснаар хандив цуглуулах ажил эхэлсэн. Монголд амьдарч буй хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүддээ тогтмол таван жилийн хугацаанд нэг өдөрт нэг доллар хандивлахыг санал болгосон юм. Улмаар дэлхийн таван хотод амьдарч буй 140 гаруй монгол иргэн нэгдэж өдөрт нэг доллар, сард 4 мянга 200 доллар, ойролцоогоор 9 сая төгрөгийн тогтмол хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь хэн нэгэн баян хүний хөрөнгө оруулалт биш. Хүний нутагт цагийн ажил хийж буй оюутан, хумс засдаг, чулуу зөөдөг энгийн ард иргэдийн цалин” хэмээсэн юм.
Эгэл нэгэн гэр хорооллын дунд “Ид шидийн орон” баригдсанаар хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хамгаалах шинэ төв нэгээр нэмэгдэх юм. Энэ талаар Ч.Ганжахвлан “Бид эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулна. Гэхдээ хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. “Ид шидийн орон” нэртэй хүүхэд хамгааллын цогцолборт хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хамгаалал, хараа хяналтын үйл ажиллагаа явуулах юм. Тэнд боловсролын төв байгуулна. Мөн сэтгэлзүйч, өмгөөлөгч ажиллана. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүйн улмаас хүүхэд харах хүнгүйн улмаас эндэх, бэртэж гэмтэх асуудал бий. Иймд мөн тус цогцолборт үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх ажлуулна. Үнэ төлбөргүй байх боломж, багш албан хаагчдын цалин, хоол унд, түлээ нүүрс зэргийг дэлхийн монголчууд шийдэж өгсөн гэж хэлж болох юм” хэмээсэн.
Ингээд “Ид шидийн орон”-оос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. Сэтгэл бас зүтгэл байвал хэн ч ид шидийг бүтээж чаддаг гэдгийг эндээс харах боломжтой. Оргүй хоосноос эхэлсэн залуус өнөөдөр “Ид шидийн орон” цогцолбороо гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хэмжээнд босгожээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ