Үндсэн хуульд өөрчлөхөд ард нийтийн оролцоог хангах тогтоолыг батлав

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн оролцоог хангах  талаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Ард нийтээр хэлэлцүүлэг хийхэд  Д.Лүндээжанцан, Ж.Батзандан нарын гишүүд идэвхтэй оролцсон. Хамгийн гол нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд Үндсэн хууль баталж байсан хүмүүс нэгдсэн ойлголтод хүрсэн үү? Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг манай ажлын хэсэг яаж харж байна вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Анхнаасаа 6 сэдвээр өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлгийг өрнүүлсэн.  Хоёр танхимтай парламенттай болох гээд олон асуудал оруулж ирсэн. Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байхгүй.  

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгч болсныхоо дараа эрх мэдлээ хадгалж үлдэх гээд улайран тэмцэж болохгүй шүү. Үндсэн хуулийг өөрчлөх байр суурин дээрээ баттай зогсоорой.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Энэ хуулийг хэлэлцэхэд хөнгөн, гоомой хандаж болохгүй. Тийм  ч учраас энэ тогтоол гарч байгаа юм. Зохион байгуулалтын ажлаар хоёр сар хэлэлцүүлэг зохион байгуулагдах нь. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг олон нийтээр хэлэлцүүлэхэд санхүү, төсвийн зүгээс Засгийн газар дэмжиж ажиллах хэрэгтэй гэжээ. Ихээхэн өндөр төсөв гарах байх. Бараг гурван сар явагдах төсвийн хэмжээг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Тодорхой санхүүгийн төсөв саналаа шийдэх хэрэгтэй.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд төсөв мөнгө ярьсан. Урьд нь энэ асуудлаар хэлэлцүүлэг хийхэд Улсын бага хурлын тогтоол гарч байсан юм билээ. Бид тэр загварын дагуу гаргасан. Тогтоол гарсны дараагаар ажлын хэсэг дээр ярилцана. Энэ бол зөвхөн төрийн байгууллагууд биш төрийн бус байгууллага, орон нутаг нийлж хийх ёстой юм. Санхүүжилт, зохион байгуулалтын тал дээр УИХ-аас гарсан тогтоолын дагуу хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах зорилго нь төсөв мөнгө хэмнэх асуудал байлаа. Гэхдээ хэлэлцүүлгийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  асуудалд төсөв мөнгийг хэмнэх ойлголт байхгүй гэж байсан.  Гэхдээ бид намар орон нутгийн нөхөн сонгуулийн үеэр санал асуулга давхар явуулбал хэмнэх боломж гарах байх.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард нийтийн оролцоог хангах  хэлэлцүүлгийг бүх нийтийн амралтын үеэр хэлэлцэх нь.  Гэхдээ хугацааг нь тавиу тусгах хэрэгтэй. Ард нийтийг өргөнөөр хамруулах асуудалд анхаарах хэрэгтэй байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тогтолцоон хандах агуулга биш байсан. Гэхдээ өнөөдөр таныг мэдээгүй байдалтай хандаж байгаад гайхаж байна. Анхнаасаа ард нийтийн санал асуулгаар явна гэдгийг та маш сайн мэдэж байсан. Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад явуулах санал байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд, төсвийн хувьд яригдаж байгаад хойшлуулж байгаа юм.  Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад явуулж болох байсан ч болгохгүй гэсэн хандлага байсан учир хойшлуулсан.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолыг гишүүдийн 84.2 хувийн саналаар баталлаа. 

 

Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг  2017 оны зургадугаар сарын 5-наас 8 дугаар сарын 15 хүртэл өрнүүлэх юм. Харин гишүүн Л.Болд "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг ид амралтын үеэр явагдах учир 9 сарын 15 хүртэл гэж хугацааг өөрчлөх санал гаргаж байна гэлээ. Гишүүд хэлэлцээд уг саналыг дэмжсэн юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ