
МАН-ын дарга С.Батболд “аливаа нэгэн улс төрийн хүчин ард түмний нуруун дээр дарамт болох асуудлаар хожоо хийхгүй байх, эдийн засаг бизнесээр, улс төрийн тоглолт хийхгүй байхыг уриалсан. Одоо ч энэ байр сууриа хатуу илэрхийлж байна. Мөн үүнээс гадна хариуцлагын асуудал бас хөндөгдөж байна. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор тухайн албан тушаалтан хийх ёстой ажлаа хангалтгүй хийсэн нь тогтоогдвол бид зохих хариуцлага тооцно. Мөн албан тушаалтнаас гадна буруутай нь тогтоогдвол аж ахуйн нэгжүүдэд ч арга хэмжээ авна. Шаардлагатай бол аж ахуй эрхлэх үйл ажиллагаа, түүн дотор шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хатуу хэлье” хэмээн мэдэгдсэн. Нэг талаас энэ нь ам.долларын ханшийг барьж дийлэлгүй алдсандаа том буруутаж байгаа Монголбанкныханд нааштай мэдээлэл юм. Тэрчлэн Төв банк түлшний үнийн өсөлтөд валютын ханш нөлөөлөөгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.
Монголбанкны нэгдүгээр сарын 10-ны өдрийн валютын хаалтын ханшийг харахад 1 ам.доллар 1,418.98 төгрөгтэй тэнцэж байгаа нь, ам.долларын чангаралт суларч байгаа үзүүлэлт юм. Ийн суларч байгаа нь өчигдөр буюу 10-ны өдөр Монголбанк валютын интервенц хийсэнтэй холбоотой юм.
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 2.5 сая ам.доллар худалдах, 5.5 сая ам.доллар худалдан авах саналууд ирүүлсэн бөгөөд Монголбанк нийт худалдан авах захиалгыг 100 хувь буюу 5.5 сая ам.долларыг 1410.00 төгрөгийн хаалтын ханшаар биелүүлсэн байна. Харин Монголбанкинд худалдах саналыг биелүүлээгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ