Хохирогчийн эгч: Хана зуурч тэмцсэн хумсны ором байсан

Өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 5-ны өдөр 1995 онд төрсөн, 22 настай бүсгүй Нарны хорооллын ...р байрны 16-р давхараас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Эмэгтэйн ар гэрийнхэн түүнийг амиа хорлоогүй, гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж буйгаа хэллээ.
“Сохо Мебель” ХХК –ийн захирлыг хардаж байна
Хэргийн талаар түүний эгч С “Дүү минь өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй ” гэж суусан хормойн донтой “Сохо Мебель” ХХК –ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой. Тавдугаар сарын 31-ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч ” зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. ХУД цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад...16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас үсэрсэн байна. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл объект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ” хэмээлээ.
Өргөдөл буцаасан асуудал бүртгэгдээгүй
Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч өргөдөл гаргасан. Тухайн өргөдөл гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. Өргөдөл буцаасан асуудал бүртгэгдээгүй. Амиа хорлосон гэх асуудлыг БЗД-ийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа” хэмээлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ