Ливерпүүл клубын “Б” төлөвлөгөө

Ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх болсон Английн Ливерпүүл клуб энэ зундаа багтаж хүчээ зузаатгах ажилд ороод байгаа. Герман мэргэжилтэн Юрген Клоппын хувьд довтолгооны хүч нэмэхээр Италийн Рома клубын жигүүр Мохаммед Салахын араас багагүй хөөцөлдсөн. Улмаар Хотон шувуунууд Египет залуугын төлөө 28 сая фунт санал болгосон ч Рома энэ саналыг хүлээн аваагүй бөгөөд Салахыг ойролцоогоор 40 сая фунтээр үнэлэж байгаагаа ч нуугаагүй юм.
Тэгвэл Ю.Клопп үнийн саналаа нэмэхээс өмнө “Б” төлөвлөгөөндөө оржээ. Тэрбээр өнгөрсөн улиралд өндөр формтой байсан Португал жигүүр Желсон Мартинштай холбоо тогтоосон байна. Португалийн лигийн Спортинг Лисабон багт тоглодог Мартиншийн хувьд жигүүрийн хамгаалалт, довтолгооны аль ч байрлалд тоглох чадвартай бөгөөд өнгөрсөн улиралд нийт 43 тоглолтод оролцож, 6 гоол оруулсан юм.
Кабо-Верде гаралтай 22 настай залуугийн хувьд хүүхэд ахуйдаа гэр бүлийн хамт Португал улсад цагаачлан ирсэн бөгөөд Португалийн шигшээ багт дуудагдаж, аль хэдийнээ 6 тоглолт хийчхээд байгаа юм. Ливерпүүл түүний төлөө хэдийг санал болгох нь одоогоор тодорхойгүй байна.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ