“Цалин”-тай амралт

Эдийн засгийн хямралтай, цалин нэмэгдэхгүй энэ он жилүүдэд иргэд ажилтай байхыг чухалчилж байна. Иргэдийн дийлэнх нь хэрэглээнээс эхлээд цалингийн, ипотекийн зээлтэй. Тиймээс орлоготой байж гэр бүлээ авч явахаас гадна зээлээ төлж барагдуулна. Гэвч авч байгаа цалин бага гэж голохгүйгээр ажилтайгаа байхыг эн тэргүүнд тавьж ирсэн.
Эдүгээ манай улсын хувьд амралтын үе эхэлж байна. Их хотынхны хувьд зуны дэлгэр цагт жилийн амралтаа авч, байгалийн сайханд гарч алжаалаа тайлдаг. Энэ байдал жил бүр үргэлжилдэг ч зарим хүмүүсийн хувьд амжиргаагаа тооцож, үндсэн ажлаас гадуур орлого олохоор ажил хийж байна. Тэр дундаа багш нарын хувьд хичээлийн жил дуусгавар болуут гурван сарын хугацаатай Солонгос орныг зорих нь ихэслээ. Хэдийгээр манай дээд боловсролтой сэхээтнүүд ч Солонгос оронд очиж, хоёр сарын хугацаанд дэлгүүр, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудад олдсон ажлыг голохгүй хийнэ. Хэдэн бор төгрөгний төлөө ийн ажиллаж байгаа тэднийг буруутгах аргагүй. Энэ бол энгийн жишээ. Цаашлаад оюутан залуус ч хичээлийн жил дуусч, амралт эхлэнгүүт цагийн ажил хайж, ар гэр нь боломжтой зарим нь мөн л гадаадад явж, хэдэн сар цагийн ажилд зүтгэж, хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ сургалтын төлбөрийн тал хэсгийг ч өөрөө олоод ирэхээр зорьж байгаа.
Ажлын байрандаа дэл суль ханддаг хүмүүсээ байгууллагын удирдлагууд шүүмжилж “цалинтай амрагч” хэмээдэг байлаа. Харин өнөө үед энэ үг эергээр ч хэрэглэгдэх болж байна. Хэдийгээр амралтаа авсан ч ажил хийж, орлого олохыг зорьж байгаа нийгмийн дундаж давхрагынхны хувьд цалинтай амрахыш илүүд үзэж байна.
Харин төр, засгаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгоход ямар арга хэмжээ авч байна вэ? УИХ-аас Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжих, иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар ажиллуулах чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авах, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоо, мэргэжлийн хяналт болон татвар, даатгалын байгууллагын давхардсан хяналт шалгалтыг цөөрүүлэх, хүнд суртлыг арилгах, ажилгүй иргэдийг цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүрт олгох орчныг бүрдүүлэх зэрэг асуудал тусгагдсан билээ.
Ямартай ч он гарсаар өнөөдрийн байдлаар 16400 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ. Гэхдээ энэ тоо ажилгүй иргэдийн хувь хэмжээг хэр бууруулж, хичнээн өрхийн амьжиргаанд нэмэр болж байгааг тооцоход бэрх. Учир нь ажлын байр цалингийн түвшинтэй уялдаж, өрхийн амьжиргаанд нөлөөлдөг. Нээлттэй ажлын байрны зарлагддаг ч тавигдах шаардлага гэхээсээ ажлын цаг нь их, авах цалинг нь бага болж ажил хайгчид татгалзах талтай.
Төр, засгийн бодлого шийдвэр гэрлийн хурдаар биш ч алгуурхан хэрэгжсээр байгаа бололтой. Гэхдээ иргэд төр, засгийн гар харж суудаг үе аль эрт ард хоцорсон.
Тиймээс их амралын улирал эхэлж байгаа ч иргэд ажил хайсаар байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ