Сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл дутмаг байна

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, хэвлэл мэдээллийн мониторинг, сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явц болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээр мониторинг хийж эхлээд байгаа аж.
Телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, ТВ, UBS, C1 гэсэн таван телевизийг сонгон хамруулжээ. Мониторингоор дээрх телевизүүд төлбөртэй, захиалгат нэвтрүүлгэд гол анхаарлаа хандуулж байна гэж үзжээ. Тухайлбал, “TV9” телевизэд С.Ганбаатар нэр дэвшигчийн мэдээлэл давамгайлсан бол “UBS” телевизэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын, “C1”, “25 дугаар суваг” телевизэд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талаарх мэдээлэл нэвтрүүлгийн цагийн дийлэнх хувийг эзэлсэн байна.
Мониторингид хамрагдсан дээрх телевизүүдийн тухайд төвийг сахисан мэдээлэл хомс, нэр дэвшигчийг магтсан өнгө аястай мэдээллүүд зонхилжээ. Хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүлзүйн бүтээл дутмаг байгааг тэд онцолж байлаа.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд 32.1 тэрбум төгрөгийг зарцуулж магадгүй байна гэж тэд үзжээ. Аудитын газраас зардлын дээд хэмжээг улс төрийн нам 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг байхаар тогтоосон юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ