Нэр дэвшигчдэд бус онцгойд нисдэг тэрэг хэрэгтэй байна

img

Сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж, нэр дэвшигчид агаарын хөлгөөр бууж, нисч буй сурагтай. Мөнгөтэй, мөнгөгүй гэж нэрлэгдсэн нэр дэвшигчид бүгд л нисдэг тэрэг хөлөглөж, сонгогч олонтойгоо уулзаж байна. Гэхдээ өөрийгөө сурталчилж яваа тэдэнд бус хүний амь нас, эд хөрөнгө, байгалийн баялагийг хамгаалахаар өдөр шөнөгүй ажиллаж буй онцгой байдлын албанд, албан хаагчдад тэр нисдэг тэрэг нь хэрэгтэй байна.

 

 

Өнгөрсөн шөнө Говь ХХК-ийн үйлдвэрт гал гарч, асар их хэмжээний хохирол учрууллаа. Онцгой байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ 10 цаг ажиллаж, галын тархалтыг зогсоов. Зөвхөн онцгой ч бус УСУГ, Хот тохижилтын газрынхан боломжит бүх газраас ус тээвэрлэж, онцгойгийнхонд дэмжлэг үзүүлж. Бүр галт тэргээр 68 тонн усыг тээвэрлэн авчирч, галыг унтраалаа. Хүний амь нас эрсдээгүй ч үйлдвэр шатлаа. Улсын төсөвт жилд 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг, 1600 хүнийг ажлын байраар хангадаг өмнөө барьдаг үндэсний үйлдвэр шатсанд харамсах хүн олон байна. Аялал жуулчлалын улирлын энэ үед хөтөч нарын нүүрээ тахалдаг цөөхөн газрын нэг ийн үнс болсонд хэн нэгнийг буруутгах нь эртэднэ.

 

Онцгой байдлын албаны хүчийг шалгасан гал ганц энэ биш. Унтраагаагүй хаясан тамхины иш, зураад шидсэн шүдэнзнээс үүдсэн түймэр Богд уул орчмыг галдаж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учрууллаа. Гал унтраах, ус зөөх машин очих боломжгүй газрын түймрийг унтраахын тулд албан хаагчид усаа үүрч, дүүрч уул руу мацаж байв. Ямар их цаг хугацаа алдаж, ямар их хүч хөдөлмөр зарцуулж байгааг хэлэх нь илүүц биш.

 

Харин онцгой байдлын албанд нисдэг тэрэг байсан бол асар их хэмжээний хөрөнгийг үнс болохоос хамгаалах байсан. Бас өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байгаа албан хаагчдын ажлын тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх байсан нь мэдээж. Улс орны эдийн засаг хүнд учраас нисдэг тэрэг авч чаддаггүй байж болох. Гэхдээ  сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн хөлөглөж буй нисдэг тэргийг онцгой байдлын албанд ашиглуулж, гал унтраахад тус нэмэр болсон бол илүү эх оронч харагдах байлаа. Би өөрчилнө, бүтээнэ, босгоно гэсэн хий хоосон үгнээс илүү сурталчилгаа болж, нэр хүнд нь ч өсөх байсан биз.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
нисдэг тэргээр обьект дээр нисэж гал унтраах хориотой байдаг гэж онцгойгийнхон тайлбар тавьсан мэдээг уншаач ээ
2017-06-15
Зочин:
yagaad chuhal gazar dandaa gal g araad .bna.tagnuul tsagdaa anhaaraldaaabaach
2017-06-15