Даймонд Лиг Осло хотноо

img

 

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос зохион байгуулдаг хамгийн өндөр зэрэглэлийн лигийн систем бүхий цуврал тэмцээн бол Даймонд лиг. Тэгвэл энэ жилийн даймонд лигийн тав дах тэмцээн Норвеги улсын Осло хотноо өнөө шөнө эхэлнэ.

 

Дэлхийн хөнгөн атлетикийн сор болсон тамирчид 14 тэмцээн, гран пригийн турш өрсөлдөж ялагчаа тодруулдаг уг тэмцээн манай цагаар 00:00 цагаас 400 метрийн эмэгтэйчүүдийн халхтай гүйлтээр эхэлнэ. Энэ жил 8 дах удаагаа зохиогдож байгаа уг лиг тавдугаар сард эхэлсэн бол есдүгээр сарын нэгэнд хөшгөө татаж, төрөл тус бүрт ялагчаа тодруулна.

 

Энэ жилийн онцлог нь онооны шинэчилсэн системийн дагуу явагдаж байгаа юм. 2010-2015 оны хооронд эхний гурван байр нь 4 2 1 гэсэн оноог цуглуулах системтэй байсан бол өнгөрсөн жил эхний зургаан байранд 10-6-4-3-2-1 оноог хуваарилж, хамгийн сүүлийн Цюрих, Брүссэлийн тэмцээнүүдэд оноог хоёр нугалж олгодог байсан билээ. Тэгвэл энэ жилээс эхний 8 байр 8-аас 1 хүртэлх оноог цуглуулж, нийт оноогоор эхний наймд орсон тамирчид Цюрих, Брүсселд өрсөлдөх юм. Ингээд шилдэг найман тамирчин дундаас ялагч нь тодрох тогтолцоотой болсноороо онцлогтой болжээ.

 

Б. Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ