“Говь”-ийн мансартын хэсэг бүхэлдээ шатсан

img

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх шуурхай хурал зарлалаа.

 

 

Хуралдаанаар цаг агаар болон ой хээрийн гал түймрийн  төлөв байдал, үүлэнд нөлөөлөх үйл ажиллагааны тухай урьдчилан сэргийлэх явцын талаар хэлэлцэж байна. Мөн “Говь кашимер” ХХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хуралдаа С.Залуухүү “Говь кашимер” ХХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэв. Тэрбээр:

 

-Энэ оны зургадугаар сарын 14-ний 21.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь кашимер” ХХК-ийн үйлдвэрийн барилгад гал гарлаа гэсэн дуудлага ирсэн. Энэ дуудлагын дагуу онцгой байдлын байгууллагын албан хаагчид ажиллалаа.

 

Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан хоёр давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай, нийт дээврийн талбай 30.000 орчим ам.метр.

 

Өчигдөр 20.39 цагт шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утасанд дуудлага ирсний дагуу тухайн дүүрэгт үйлчлэх хүрээний нийслэлийн аврах 14 дүгээр ангийг  эхний дуудлагаар гаргасан. Гал түймэр гарсан объектын хэсэг төмөр бетон, дээгүүр нь 30 см орчим зузаан шилэн хөвөн, хөөсөнцрөөр дулаалж, модоор давхарлан карказ хийсэн,  6-7 давхар хар цаасан хучлагатай, хучлаганы завсар “замын хар”-аар бэхжүүлсэн нь гал тархан дэлгэрэх ажиллагаа эрчимтэй явагдаж, унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулсан нөхцөл үүсгэсэн түймэр байлаа.

 

Тухайн барилгын дээврийн хэсэгт задаргаа хийхэд нэлэнхүйдээ хамт шатсан байдалтай байсан учраас нийслэлийн Онцгой байдлын газрын 11 ангийн 19 тасгийг нэмэлт дуудлагаар дуудан, гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, УСУГ-аас 12, нийслэлийн хот тохижилтийн үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч ажиллаж байна.  

 

Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас 5 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас 7 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 6, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулсан.

 

Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал ихтэй, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан. 

 

Агаар авангуут гал түймэр өндөр хэмжээгээр авалцах хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байлаа. Тиймээс гал түймрээс барилгын үндсэн хийц, бүтцийг хамгаалах, тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг аврах үйл ажиллагаанд  шилжилж ажилласан. Өнөөдрийн байдлаар гал түймэр унтрах шатандаа явж байна. Гал түймэрт барилгын дээврийн хэсэг өртсөн. Харин барилгын үндсэн бүтэц, тоног төхөөрөмж галд өртөөгүй.  Унтраах үйл ажиллагааны явцад галын голомтыг дарж байсан учир барилгын үндсэн бүтцийг эвдээгүй. Барилгын дээврийн хэсэгт задаргаа хийж, унтраах үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс зарим техникийг буцаан татах, албан хаагчдыг сэлгэн ажиллуулж байна хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Гал гарсан шалтгааныг тогтоосон уу?

 

-Галын шалтгааны хуулийн дагуу цагдаагийн байгууллага тогтоодог. Гал түймрийн голомт дээр цагдаагийн байгууллагын ажиллаж, 14 хоногийн дотор тогтоох заалттай.

 

-Үйлдвэрт учирсан хохирлын хэмжээг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоодог. Барилгын дээврийн хэсгийн хохирлын хэмжээ гарна. Мөн шууд бусаар нөлөөлөх зүйл бий. Тухайлбал үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа хэд хоног зогсохыг мэдэхгүй. Гал унтраах явцад ус их хэмжээгээр хэрэглэгддэг.  Тиймээс хэрэг бүртгэлийн явцад хохирлын хэмжээ тодорхой болно.

 

-Гал түймрийг унтраах тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ? Нисэх онгоц шаардлагатай байсан уу?

 

-Объектийн гал түймрийг олон улсын жишгээр нисэх онгоц хэрэглэж байсан тохиолдолд байдаггүй. Ой хээрийн түймрийн хүндэрсэн үед нисэх онгоц хэрэглэдэг. Энэ нь далайгаас усыг  шууд  соруулдаг, далай тэнгисийн уснаас хутгаж авдаг савтай зэрэг  нисэх онгоц нь олон төрөл. Манай нөхцөл нисэх онгоц ашиглах нь хүндрэлтэй. Гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хувьд анх байгуулагдсан цагаасаа тодорхой түвшинд дээшилсэн.

 

-Барилгын хэдэн хувь нь түймэрт өртсөн бэ?

 

-Нийт барилгын хэмжээ 30 гаруй мянган ам.метр. Үүний зөвхөн дээврийн нэмэлтээр хийсэн модон мансартны хэсэг л шатсан.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ