Увс аймагт 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр барина

img

 

Увс аймгийн Тариалан суманд махны  үйлдвэр байгуулна. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Увс аймагт ажиллах үеэрээ “Хүмэн нэгдэл” ХХК-ийн санаачлагаар Австри улсын “BERTSCH LASKA” компанийн тоног төхөөрөмж суурилуулан Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шавь тавих ёслолд /2017.06.11/ оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй аймгийн удирдлагууд болон нутгийн иргэд, малчдын төлөөлөл оролцлоо.

 

Энэхүү мах боловсруулах үйлдвэрийг 11 сарын хугацаанд барьж,  ашиглалтад орсноор нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн малын мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Мөн малчидтай урьдчилан гэрээ байгуулж бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байна.  Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохыг зорьж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 70-80 ажлын байр шинээр бий болох юм.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу  хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, иргэдэд эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, нутгийн иргэд, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү  махны үйлдвэр байгуулах ажил эхэлж байна. 

 

 
 
Эх сурвалж: ХХААХҮЯам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЭНЭ БОЛ СОНГУУЛЬТАЙ ОГТ ХАМААГУЙ БАЙХ
2017-06-19
Амьдрал сонгуулийн шоугаар явагдсаар байтал итгэл:
Төрийн эрх баригч нөхдүүд улс орны амьдралыг тасалдуулж зогсоож байгаад сонгуулийн өмнө баахан тууз хайчилж дайлуулж цайлуулж хөдөө хотгүй давхилддаг. Энэ зам барилгын ажил, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн ажил чинь намаас, надаас чамаас хамаарахгүй грацик төлөвлөгөө мөнгө хөрөнгөнийхөө төсөвлөлтийн дагуу тасралтгүй явагдаж байх ёстой биз дээ. Сонгуулийн өмнө худлаа шоудаж сонгогдоод мартаж биднийг доромжилдогоо боль. Ард түмэн санах ойтой сонгуулиас хэт өмнө эхэлсэн ажлыг мартчихна гэж боддог юмуу? өөрсдийнхөө ой санамжийг хол ойрын тохируулганд нь сайн тааруулж бай. Бид та нар шиг сэрүүн зүүдэлж сэрж мартдаг арай болчихоогүй байгаа.
2017-06-18
Зочин:
ЭНЭ БОЛ СОНГУУЛЬТАЙ ОГТ ХАМААГУЙ БАЙХ
тэнэгүүд:
хотдуудыг доромжлоод байгаа юм уу харагдаа ч сонгууль болгонд луйвар хийж гаршжээ Энхболд гарахгүй
2017-06-17